Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт хийсэн мэдэгдэлдээ зөвхөн ням гарагт л гэхэд Украины зүүн бүс нутгуудад Оросын цэргийн хүчин 400 гаруй дайралт хийж, Донецк мужид тулалдаан ширүүсч байна гэлээ. Олон улсын атомын энергийн агентлагийн (ОУАЭА) тэргүүн Рафаэль Гросси мөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ “Манай багийн сүүлийн өдрүүдэд хүлээж авсан мэдээ үнэхээр сэтгэл түгшээж байна. Энэ том атомын цахилгаан станцын ойр орчимд дэлбэрэлт болсныг анхаарахгүй байхын арга алга. Үүний ард байгаа хэн ч байсан даруй зогсоох ёстой. Дахин хэлье, та нар галаар наадаж байна" гэж хэллээ. Тэрээр үргэлжлүүлэн “Үүнийг хийж байгаа тал юу хийж буйгаа мэдэж байгаа. Тэд Запорожье АЦС-ыг санаатайгаар онилж байна” гэсэн юм.
НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагын шалгалтын баг “Энэ галзуурлыг зогсоо” гэж мэдэгдсэн нь Запорожье АЦС-ын ойролцоо нөхцөл байдал хүндэрснийг илтгэнэ. Европын хамгийн том АЦС-ын ойролцоо ийнхүү байлдаан, дэлбэрэлт үргэлжилсээр байвал цөмийн аюул нүүрлэж болзошгүйг албаныхан сануулсаар байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA