
Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар МАН-ын бүлгийн хуралд танилцууллаа. Сүүлийн 10 сарын дүнгээр валютын нөөц 2.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Арилжааны банкуудын валют зарахдаа тавьдаг нэг саяын хязгаарлалт 10-20 сая болж нэмэгджээ. Харин ханшийн зөрүү бууж 5-10 төгрөг болж хэлбэлзэж буй талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ.
Тэрбээр, “Сайдаар томилогдоод хоёр сар болж байна. Ажил авч байхад валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан. Ханшийн зөрүү 200-300 төгрөг. Арилжааны банкуудын валют зарж байгаа хязгаарлалт хоногийн нэг сая төгрөгөөс дээш олгохгүй гэдэг нөхцөл байдалтай байсан.
Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авсан. Үүнд, нэгдүгээрт нэг тэмдэглэл, хоёрдугаарт Засгийн газрын 362 дугаар тогтоол, гуравдугаарт, Эрдэнэс Тавантолгой ХК дээр онцгой дэглэм тогтоох гэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна” гэв.