“Катар-2022” дэлхийн аваргын нээлтийн тоглолт эхнээсээ л дуулиан, шуугиан дагуулсан. Катар Эквадорын багийн найман тоглогчийг долоон сая гаруй ам.доллароор хахуульдсан гэх мэдээлэл ч гараад амжсан. Тоглолтын өмнө Катарын шигшээгийн дасгалжуулагч Феликс Санчес энэ бүхнийг үгүйсгэсэн юм.
Хэрвээ дээрх мэдээлэл үнэн бол Катарын шигшээ хоёрдугаар үед гоол оруулж, хожих байв. Азаар хөлбөмбөгийн спортын нэр хүндийг унагаасан тийм зүйл болсонгүй.
Хоёр баг ач, тач өрсөлдлөө. Юм, юмаараа Эквадорын шигшээ илүү байлаа. Ялангуяа тэднээс Эннер Валенсиа гялалзаж, хоёр гоол оруулав. Ингэснээр тэрбээр багаа хожилд хөтлөсний сацуу Эквадорын шигшээгээс ДАШТ-д хамгийн олон гоол оруулсан тоглогч боллоо.
Харин Катарын шигшээ баг нээлтийн тоглолтдоо дийлдэн, энэ удаагийн дэлхийн аваргыг хожигдлоор эхлүүллээ. Ингэснээр тэд ДАШТ-ий нээлтийн тоглолтод хожигдсон анхны зохион байгуулагч орон боллоо.
ДАШТ-ий 92 жилийн хугацаанд зохион байгуулагч орон нээлтийн тоглолтод хожигдсон тохиолдол үгүй. Энэ амжилтын цуврал энэ хүрээд зогслоо.