“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа “Yuki” салоны үүсгэн байгуулагч Г.Баярмааг урьж оролцууллаа. Түүний хувьд өөрийн бизнесээ босгохын тулд хамгийн ихдээ 18 ажил зэрэг хийж, өглөөнөөс үдэш хүртэл ажилладаг байсан хөдөлмөрч, хичээнгүй нэгэн юм.
Тэрээр, “Намайг 18 ажил зэрэг хийдэг байсан гэхээр хүмүүс итгэдэггүй. Би англи хэлний багш, дуудлагаар цэвэрлэгээ, хоол хийх, хүүхэд харах гээд бүх төрлийн ажил хийж байсан. Мөн компьютероор зураг янзлах, пэйж хуудас нээх, хөгжүүлэх зэрэг таван ажил байсан. Гоо сайхны чиглэлийн таван ажил, дуудлагын цэвэрлэгээ үйлчилгээний таван ажил гээд л маш олон ажил зэрэг хийдэг байсан. Зараас ажлууд хараад л, чадах бүх зүйлээ хийж эхэлсэн. Тэгэхгүй бол цалин хүрэлцдэггүй байлаа.
Цэвэрлэгээ хийгээд, хувцас халтар болчихдог. Резинен өмдтэй. Түүнийгээ нойтон салфеткаар цэвэрлээд л, англи хэлээ заахаар явдаг байлаа. Шөнийн хоёр цагт гэртээ орж ирээд, маш олон цүнх үүрчихсэн. Тэднийгээ бүгдийг нь арай гэж буулгаад л, куртикээ ч тайлж чадахгүй, шууд л унтаад, өглөө дахиад л гардаг байсан.
Намайг жаахан байхад манайх тийм ч боломжийн айл байгаагүй. Дүү бид хоёр хотод хажуу өрөө түрээсэлж амьдардаг. Нэг ажил хийгээд цалин нь түрээсээ ч төлж хүрэхгүй. Тиймээс олон ажил зэрэг хийж, өнөөдрийн бизнесээ босгосон доо” гэж өөрийн амьдралын түүхээсээ хуваалцсан юм.
Г.Баярмаа одоо өөрийн салоноо нээж, амжилттай ажиллан, дөрвөн салбар, хорь гаруй ажилтантай болсон нь түүнийг ямар тууштай, хөдөлмөрч нэгэн болохыг илтгэнэ.
“ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ШУДАРГА ҮНЭЛДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ”
Мөн тэрээр Турк улсад гурван жил ажиллаж, амьдарч байгаад 2017 онд эх орондоо иржээ. Түүнээс “Гадаадад ажиллах, Монголд ажиллахын гол ялгаа нь юу байдаг вэ” гэж асуухад, “Би Монголд ажилладаг байхад миний цалинг хэлсэн хугацаандаа, амласан цалингаа өгдөггүй байсан нь хэцүү. Харин гадаадад бол өөр. Чи хэдэн цаг ажиллана, тэр хэмжээгээрээ л цалин авна. Цалин хэзээ ч хоцордоггүй. Монголд цалингийн тал дээр шийдэл хэрэгтэй санагддаг. Заримдаа цалингаа өгөхгүй мурих, эсвэл анх ярьж байснаасаа өөр дүнгээр цалин олгох зэрэг асуудал их үүсдэг. Хүн хөдөлмөрлөсөн бол түүнийхээ үр шим болох цалингаа авах эрхтэй. Би өөрөө энэ зовлонг мэддэг учраас өөрийн ажилчдадаа Туркийн системээр, яг долоо хоног бүр илүү цагтай нь бодоод, цалинг нь шилжүүлдэг. Энэ нь ажилчид маань надад итгэх итгэлийг ч нэмэгдүүлдэг” гэсэн юм.
ӨӨРИЙГӨӨ САЙН УДИРДАГЧ УУ ЭСВЭЛ ГҮЙЦЭТГЭГЧ ҮҮ ГЭДГЭЭ МЭДЭХ ХЭРЭГТЭЙ
“Хөдөлмөрч, тууштай байж чадвал Монголд бизнес эрхлэх зах зээл, боломж их байна. Тулгарч байгаа нэг асуудал нь хамтарч, багаар ажиллаж чаддаггүй. Жишээлбэл, би нэг хүнд сормуус хийхийг маш сайн заагаад өгнө. Тухайн хүн яг надтай адилхан болох гээд өөр салон нээгээд явчихдаг. Хүн бүр өөр өөр ажиллах онцлогтой. Зарим нь сайн удирдагч байхад, зарим нь сайн гүйцэтгэгч байдаг гэдгийг ойлгодоггүй. Уг нь хамтдаа байж илүү хүчтэй, илүү хол явна шүү дээ. Энэ нь монголын бизнесийн нэг алдаа юм болов уу гэж боддог” гэж өөрийн бизнесийн туршлагаас хуваалцлаа.
ТУУШТАЙ ХӨДӨЛМӨРЛӨЖ ЧАДВАЛ МОНГОЛД БИЗНЕСИЙН АСАР ИХ БОЛОМЖ БАЙНА
Г.Баярмаа “Би их мөрөөдөмтгий, шинийг санаачлагч төрлийн хүн. Өмнө нь ямар бизнес хийх вэ гэж дандаа л бодож явдаг байсан. Найзуудтайгаа уулзаад, “Хоёулаа ийм зүйл эхлүүлье, ийм бизнес хийе” гэхээр, “Чи өөрийгөө ямар их юманд боддог юм” гээд намайг тоодоггүй байсан. Харин нөхөртэйгөө учраад, нөгөө л зангаараа “Ийм бизнес эхлүүлье” гэхэд “Тэгье, ямар гоё санаа вэ” гээд л маш гоё хүлээж авсан. Нөхөртэйгөө учраад л бизнесүүдээ эхэлсэн дээ. Намайг маш их дэмждэг, мундаг хүн бий.
Нөхөр бид хоёр “Хоёулаа эхлээд бизнесээ босгоё. Дараа нь үр хүүхдээ тайван төрүүлье” гэж ярьсан. Тиймээс ирэх жилээс хувийн амьдралдаа илүү анхаарлаа хандуулж, хүүхэдтэй болохоор төлөвлөж байна. Бас олон шинэ бизнесийн санаа байна. Илүү их хөдөлмөрлөж, илүү олон зүйл хийхийг зорьж байна. Монголд хүмүүс санаа, санаачилга гаргаад хийе гээд зоривол хөрс нь байна. Бид эх орондоо эзэн шиг нь суугаад, асар олон хийх ажил байна гэж боддог” хэмээн өөрийн ирээдүйн зорилгоо хуваалцсан юм.