“Катар-2022”-ын тойрсон асуудлуудын талаар олон улсын хөлбөмбөгийн холбооны /FIFA/ тэргүүн Жанни Инфантино “Европчууд ёс суртахууны хичээл заах хэрэггүй” гэж хэлсэн байна.
Тэрээр зохион байгуулалтын ажилд 200 хувь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, барууны орнууд “Катар-2022”-ыг шүүмжлэхийн оронд өөрсдөө уучлалт гуйх хэрэгтэй гэжээ.
Тодруулбал, Ж.Инфантино "Катараас хэдэн сая, тэрбумаар нь орлого олдог Европын болон барууны бизнесийн компаниудын хэд нь цагаач ажилчдын эрхийн асуудлаар эрх баригчдад хандсан бэ” хэмээгээд бүх зүйл хяналтад байгаа гэдгийг хэвлэлийнхэнд мэдээлжээ.
Хөлбөмбөгийн ДАШТ эхэлж байгаатай холбогдуулан Катар улсад мөрдөх зарим нэг дүрэм журам олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Тухайлбал, ЛГБТИК+ иргэдийг хүлээн зөвшөөрдөггүй асуудал ихээхэн шүүмжлэл дагуулсан. Түүнчлэн ДАШТ-д зориулж цэнгэлдэх барих зэрэг шаардлагаар 30 мянга гаруй цагаачид ажиллаж, тэдэнд хэрхэн хандсан тухай асуудал багагүй маргаан гаргаад байгаа юм. Үүгээр зогсохгүй, ДАШТ эхлэхээс хоёрхон хоногийн өмнө тэмцээн болох найман талбайд архи, согтууруулах ундаа худалдаалахгүй гэсэн нь ийнхүү олон нийтийн бухимдлыг төрүүлээд байсан юм.
SOURCE: AL JAZEERA, SKY NEWS