Сөрөг хүчин тоймын шинэ дугаар хүрч байна. Онцлох гурван сэдвийг тоймлон танилуулъя.
ӨРХИЙН ЗАРЛАГА ӨСӨЖ, БООРЦОГ ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ БОЛОВ
Монголчуудын амьдрал улам л хүндэрч байгааг ҮСХ зарлалаа. Захын нэг дэлгүүрт яваад ороход л өрийн дэвтэр зузаарч, боорцог худалдаж авдаг айл ховорсон болжээ. Товчхондоо өдөр тутамдаа өл залгах цайны боорцог хүртэл тансаг хэрэглээ болчихоод байгаа нь эмгэнэлтэй.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар өрхийн зарлага 1,2 сая төгрөг болж, орлоготойгоо тэнцэж эхэлснийг ҮСХ-ноос мэдээллээ. Өөрөөр хэлбэл, үнэ хоногоор өсөхийн хэрээр цалин орлого хаанаа ч хүрэлцэхгүй байгааг дээрх судалгаа ийнхүү баталж байна.
Сард дунджаар зарцуулах 1,2 сая төгрөгийн 732 мянга нь зөвхөн хоол хүнсэндээ явчхаж байна гэсэн дүн судалгаа харууллаа. Товчхондоо, амьдрал улам дордсоныг төрд сануулсан сануулга боллоо. Ард иргэд нь юу идэж ууж, яаж зовлогоо зовоож явааг хоосон амлахаас цаашгүй төр засаг нь мэдэж байгаа болов уу гэдэг нь хачирхалтай.
ИРГЭДИЙН 50 ХУВЬ НЬ У.ХҮРЭЛСҮХЭД МУУ ДҮН ТАВИЛАА
МЭК судалгааны байгууллага Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэр хүнд ямар байгааг илтгэх судалгааны шинэ үр дүнгээ энэ 7 хоногт танилцууллаа. Судалгаанд Улаанбаатар хотын 1002 иргэнээс санал асуулга авахад 24 хувь нь Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна, 17 хувь нь худлаа попордог, 8 хувь нь хариуцлагаас зугатдаг гэж хариулсан байна. Товчхондоо нийт иргэдийн 50 орчим хувь нь Ерөнхийлөгчид муу дүн тавилаа.
Хэдийгээр улс орны эдийн засгийг тэнхрүүлэх, ард түмнээ хоолтой ундтай, цалин мөнгөтэй байлгах нь Ерөнхийлөгчийн үндсэн чиг үүрэг биш ч гэлээ түүнд үг хаях нэг шалтгаан байгаа юм. Учир нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Хүрэлсүх гэдэг хүн гарч ирээд, баахан уран цэцэг үг хэлж, “Улс орноо ингэж аварна, тэгж хөгжүүлнэ.
Манай намынхныг багаар нь л сонгоод өгчихвөл цэнгэлийн манлайд хүрлээ гэж 21 аймаг тойрч, гуйж гувшиж, ятгаж сэнхрүүлж байсан. Гэвч тэр хариуцлагаас зугтааж, өдгөө Ерөнхийлөгчийн зөөлөн суудалд чив чимээгүй сууж байна. Ийм л учиртай болохоор “Одоо Ерөнхийлөгч болсон үед битгий юм яриад бай. Наад хүн чинь эв нэгдлийн бэлэгдэл, энхийн цагаан тагтаа шүү” гэж өмөөрөх нь утгагүй юм. Харин ч У.Хүрэлсүхийн худал амлалтыг өдөр бүр сануулах нь түүн шиг муу удирдагч төрд гарч ирэхгүй байхад тустай юм.
ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРЛЫН ХЭМЖЭЭ 19 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ
Малчин эмэгтэй романс залилангийн хохирогч болж, 240 сая төгрөгөө алдсан хэрэг өнгөрсөн зун гарч байсан. Иргэд цахим хуурамч хаяганд итгэж, мөнгөө их хэмжээгээр алдах тохиолдол гарсаар байгаа учраас ЦХХЯ болон Монгол банк хамтран “Unsend” аяныг энэ 7 хоногт эхлүүлж, иргэдэд сэрэмжлүүлэг өглөө.
“Янз бүрийн зурхай сонжоо битгий ашигла” гэж хэлсээр, сануулсаар байтал нэвтэрч ороод цахим хаягныхаа нууц үгээ алддаг. Ингээд хохирогч болоод үлдэж байна гэж цагдаагийн байгууллагаас санууллаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд залилан гэмт хэргийн тоо 10 мянга давсан.
Гурван хэрэг тутмын нэг нь залилангийн гэмт хэрэг байна. Нийт 19 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Залилагчид олон хуурамч данс ашигладаг учраас л мянга банкинд хандаад л нэмэр болдоггүй шүү гэж сэрэмжлүүллээ.
Уншигч та бүхэнд энэ долоо хоногт өрнөсөн зарим мэдээллээс тоймлон хүргэлээ.