Өмнөд Африкт ковид-19 цар тахал 2020 онд эхэлснээс хойш нийт 2812 эмэгтэй ДОХ-той эсвэл энэ өвчинд өртөх магадлал маш өндөр бүс нутагт амьдарч байгааг НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс мэдээлжээ.
Тодруулбал, хөл хорио болон ковид-19-өөс үүдэлтэй ажилгүйдлийн улмаас эмэгтэйчүүд биеэ үнэлэх тохиолдол ихэссэн байна. Түүнчлэн үүнийг ядуурал, өлсгөлөнгөөс шалтгаалсан аргагүй үйлдэл гэж хэвлэлүүд тодорхойлж байгаа юм. 2020 оноос хойш дээрх үйлдэл 15 хувиар нэмэгдсэн бөгөөд эмэгтэйчүүд биеэ үнэлснийхээ хариуд мөнгө, бэлэг сэлт гэх мэт материаллаг зүйлс авдаг байна.
The Guardian сэтгүүлийн сурвалжлагч Өмнөд африкт очиж, Димакацо хэмээх 25 настай эмэгтэйтэй ярилцжээ. Тэрээр 2 хүүхдийн ээж бөгөөд орлогогүй тул 60 ам. долларын төлөө өөрөөсөө ахимаг насны хүнтэй уулзахаас өөр аргагүй болсноо хуваалцжээ. Димакацо бол ийм нөхцөл байдалд орсон олон эмэгтэйчүүдийн нэг нь. Энэ мэтчилэн ковид-19-ийн эдийн засагт үзүүлэх нөлөө дэлхийн зарим хэсэгт төсөөлснөөс хүнд тусч байгааг The Guardian сэтгүүл онцолсон.
НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрийн бүс хариуцсан захирал энэ мэт биеэ үнэлэх явдал ихэвчлэн хамгаалалтгүй байдаг бөгөөд олон охид, эмэгтэйчүүд жирэмсэлж, ДОХ-ын халдвараар өвчлөхөд хүргэж байгааг анхааруулсан. 2021 онд дэлхий даяар ДОХ-ын 250 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэний 82 хувь нь Саб-Сахарын Африкийн бүс нутагт бүртгэгдсэн байна.
SOURCE: The GUARDIAN