“Эмээтэйгээ адилхан дуулдаг, ээжийгээ өвчсөн мэт ижилхэн” гэх үгэнд урамшин, тэднийхээ үргэлжлэл гэдэгтээ бахархаж өнөөдрийг хүрсэн дуучин Б.Батцэцэглэн манай энэ удаагийн дугаарт оролцлоо.
Монгол өв уламжлал, ахуй соёлоо тээж залууст үлгэрлэн харуулахыг хүсдэг тэрбээр хүүхэд насандаа эмээтэйгээ бууз хуушуур хийн зарж, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрч явжээ. Түүнийг бууз хуушуур зарж байсан гэдгээр нь гутаах гэж оролддог тохиолдлууд нэг биш удаа таарсан байна. Эл дуучин эмэгтэйн хувьд эмээтэйгээ өнгөрүүлсэн энэ цаг хугацаа, амьдралынх нь хамгийн нандин сайхан үе болох талаар бидэнд хуучилсан юм.
Тэрбээр энэ талаар ярихдаа, “Сүүлийн үед уран бүтээл маань маш олноор төрөн гарч байна. Хамгийн сүүлд “Баян Монгол” дуундаа клип хийж, үзэгч олондоо өргөн барьсан. Тоглолтоо хийж буй болохоор янз бүрийн мэдээллүүд сошиалаар явж л байна. Нэг мэдээний доор, “Өө энэ чинь хуушуур, бууз хийгээд л зараад явдаг байсан” гээд л бичсэн байсан. Би үүнд хэзээ ч эмзэглэхгүй. Намайг ингээд хэлчихвэл доошоо орно гэж бодсон юм шиг байгаа юм. Манай эмээ хэлдэг байсан. “Хүн юу ч хамаагүй хийгээд сурах хэрэгтэй. Яаж амьдрахыг хэн ч таашгүй. Тиймээс сурсан зүйл гэдэг хэзээд хэрэг болж, аминд орох үе ч бий” гээд ярьдаг байсан юм. Ийм хүмүүжлээр өссөн би өнөөдөр алдах биш оноод л явж байна.
Мөн түүний хувьд урлагийн амьдралаасаа хааяахан залхах, шантрах үе бишгүй тохиолддог талаараа бидэнтэй хуваалцсан юм. Уран бүтээлчид үзэгчдийн оюун, сэтгэлийг цэнгээж, гуниглуулж, соён гэгээрүүлэх хүндтэй үүргийг хүлээсэн ч тэд төгс хүмүүс биш. Төгс байх ч боломжгүй. Тиймдээ ч тайзан дээр өөртөө сэтгэл ханамжгүй дуулсан үедээ гутарч, өөрийгөө “дуучин биш” гэж хатуухан дотроо зэмлэх үе түүнд олон тохиожээ. Гэсэн ч эмээгийнхээ хүсэл мөрөөдлийг үргэлжлүүлж, итгэлийг нь даах гэж хичээж буй тэрбээр шантарсан ч эргээд босох хүч байдаг талаараа ярилаа.
Тэрбээр, “Би ачтан буурлуудынхаа ачийг хариулж барахгүй ч гэсэн хичээж байгаа. Сүүлд ээжийнхээ хэлсэн үгэнд тоймгүй их баярласан. Ээж маань “Миний охин ээжийнхээ ачийг хариулчихсан гэж бодоорой” гэх үгийг сонсоход нулимс мэлтэлзээд явчихсан. Яах вэ. Хүн хэзээ ч ээжийнхээ ачийг хариулж чадахгүй л дээ. Гэхдээ л тийм үг сонсох сайхан юм билээ. Ээж минь миний өдий зэрэгтээ явж байгаад баярлаад л ингэж хэлсэн байх” гэсэн юм.
Дэлгэрэнгүйг дээрх видеоноос үзнэ үү