Коронавирусийн халдвар шинэ тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Шинэ жилээр халдварын тоо хэр өсөх вэ, хөл хорио тогтоох хэмжээний эрсдэл үүсэх эсэх нь олны анхаарлыг татаж буй. ХӨСҮТ-ээс өнөөдөр мэдээлэл хийхдээ Шинэ жилийн баярт болгоомжтой хандахыг зөвлөлөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Шинэ жилийн баяраар олон нийтээрээ цуглах нь халдварт өвчний эрсдэлийг шууд нэмэгдүүлэх эрсдэлтэй. Тиймээс хувь хүн хариуцлагаа ухамсарлаж, аливаа арга хэмжээнд орох, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг төлөвлөх, гадаад, дотоодод зорчихдоо эрсдэлээ тооцохыг зөвлөе. Халдвараас хамгаалах хамгийн сайн арга нь халдвар, хамгааллын дэглэм сахих. Сайтар унтаж амрах, шингэн юм уух, агаар салхинд гарах, амны хаалт зүүх чухал” гэлээ.