Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-өөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг эрхмийг "Чингис хаан" одонгоор шагнадаг уламжлалтай.
Өнөө жил “Зүрх мартахгүй” төслийг санаачлагч Б.Болдсайхан эмчид “Чингис хаан” одонг гардуулахаар болсон гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Б.БОЛДСАЙХАН: ШАГНАЛ, ДОРОМЖЛОЛЫН ДАРАМТГҮЙ, ХҮҮХЭД ЭМЧЛЭЭД Л ЯВМААР БАЙНА
Ийм мэдээлэл гарсны дараа Б.Болдсайхан эмч цахим хуудсандаа “Шагнал, доромжлолын алиных нь ч дайрлага, атаа жөтөө, өр дарамтгүй, амар жимэр, хүүхэд эмчлээд цөөн хэдэн жил явмаар л байна. Гавъяа огт үгүй ажлаа л хийж буй. Ухаантай биш мунхаг, араншин дураараа, зожиг хажиг, мэдэх чадахаасаа мэдэхгүй чадахгүй нь их, донгио хүн" гэж нийтэлжээ.
ЕТГ: "ЧИНГИС ХААН" ОДОНГООР ШАГНУУЛАХ ЭРХМИЙН НЭРИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ЗАРЛАНА
Энэ талаар ЕТГ-аас тодруулахад “Тийм мэдээлэл цахим орчинд тархсаныг харсан. “Чингис хаан” одонг хэнд олгох нь одоогоор тодорхой болоогүй байгаа. Тодорхой болохоор нь нийтэд ил болгоно.
“Чингис хаан” одонгоор шагнуулах болсон эрхмийг шагнал гардуулахаас 3-4 хоногийн өмнө зарладаг журамтай. Энэ журмын дагуу тус шагналаар шагнуулах эрхмийн нэрийг ирэх долоо хоногт зарлана. Тэгэхээр одоо нууцын зэрэглэлд байгаа гэсэн үг” гэлээ.
"Чингис хаан" одон хүртсэн эрхэмд төрөөс ямар урамшуулал олгодог вэ?
- Одон хүртэгч Монгол Улсын иргэнд тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, гадаадын иргэнд мөн тухайн үеийн ханшаар 9 цэн алттай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал эсвэл түүнтэй дүйцэх дурсгалын зүйлийг олгоно.
- Эл одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн “Чингис хаан” одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд уригддаг.
- Мөн Монгол Улсын иргэнд Их Эзэн Чингис хааны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гарын бэлэг өгдөг.
- Одонгоор шагнагдсан Монгол Улсын иргэн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй.
“Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд:
- 2005 он: Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 он: Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 он: Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 он: Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
- 2012 он: УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
- 2013 он: Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
- 2014 он: Нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
- 2015 он: Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 он: Гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
- 2017 он: Гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
- 2019 он: Хүннү рок урсгалаар тоглодог “Хү” хамтлаг
- 2021 он: Монголын анхны сансрын нисгэгч, Монгол Улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа
- 2021 он: Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн.