БНХАУ-ын дарга Ши Жиньпин лхагва гаригт Канадын ерөнхий сайд Жастин Трюдотой ярилцаж байгаа агшин Канадын хэвлэл мэдээллийнхний дуранд өртжээ.
Индонезид болсон "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин мандарин хэлээр Трюдотой инээмсэглэн ярилцсан байна. Харин түүний хэлсэн үгийн англи орчуулга нь харагдаж байгаа шигээ тийм ч нөхөрсөг байсангүй гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Тодруулбал, Ши Жиньпин Канадын ерөнхий сайдад хандан Мандарин хэлээр "Хэрвээ та нар чин сэтгэлээсээ ярилцья, хэлэлцье гэсэн бол бид харилцан хүндэтгэсэн байдлаар ярилцах болно, эс тэгвээс урьдчилан таамаглах аргагүй үр дагавар гарч болзошгүй" гэж хэлжээ.
Харин Жастин Трюдо "Канадын хувьд бид чөлөөт, нээлттэй, илэн далангүй яриа хэлэлцээг илүүд үздэг" гэж хэлээд "Бид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ, гэхдээ санал нийлэхгүй зүйл гарах л байх" гэсэн байна.
Үүний хариуд Ши "Эхлээд нөхцөлөө бүрдүүлцгээе" гэж хэлснийг орчуулагч дамжуулжээ. Дараа нь Хятадын удирдагч Трюдогийн гарыг атгачихаад, дагалдан яваа хүмүүсийн хамт цааш явжээ.
SOURCE: CNN