Орос, Украины улаан буудай, бордоог Хар тэнгисээр дамжуулан экспортлохыг зөвшөөрсөн амин чухал хэлэлцээр үргэлжлэх төлөвтэй байна гэж Туркийн ерөнхийлөгч онцолж, энэ нь буурай хөгжилтай орнуудад тусламж үзүүлнэ гэв. "Энэ хэлэлцээр үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Ямар ч асуудал байхгүй” гэж Эрдоган Индонезийн Бали аралд болсон ИХ 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
Хар тэнгисийн боомтоор үр тариа экспортлох хэлэлцээрийн хугацаа бямба гаригт дуусгавар болж байгаа юм. ОХУ-ын хөдөө аж ахуйн экспортод тавьсан хориг арга хэмжээний улмаас энэ хэлэлцээр шударга бус хэрэгжсэн гэж ОХУ үзэж, гэрээг дахин сунгахыг хойшлуулсаар байгаа.
Гэхдээ Эрдоган энэ гэрээг нэг жилээр сунгана гэдэгт итгэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлсэн. Турк, НҮБ 7-р сард Хар тэнгисийн үр тарианы анхны хэлэлцээрийг хамтран хийсэн бөгөөд Эрдоган “Энэ хэлэлцээрийн үр дүнд 11 тэрбум тонн үр тариа гаргаж чадсан” гэсэн байна. Түүнчлэн Эрдоган "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтаас Туркт буцаж ирмэгцээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дахин хэлэлцээ хийнэ гэж мэдэгдэв.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн Бали аралд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийж байсан талаар хэвлэлүүд мэдээлсээр байна.
VII сард хийсэн хэлэлцээр нь Украины үр тариаг Хар тэнгист тэнгисийн цэргийн флотыг даван туулах боломжийг олгосон, харин өөрийн үр тариа, бордооны экспортыг хөлөг онгоц, банкуудад тавьсан хориг арга хэмжээний улмаас дэлхийн зах зээлд чөлөөтэй гаргах боломж олдохгүй байна гэж ОХУ үзэж байгаа юм. Мөн энэ хэлэлцээр үргэлжлэх эсэх нь зөвхөн эдгээр орнуудын асуудал бус, Африк тэргүүтэй дэлхийн олон орны хүнсний хямралын асуудлыг шийдэх ач холбогдолтой гэж шинжээчид үзэж буй.
SOURCE: THE GUARDIAN