УДЭТ-ын уран бүтээлчид 92 дахь үзвэрийн жилийн нээлтээ Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиол “Сычуаны сайн хүн” жүжгээр нээнэ.
Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of Szechwan” буюу “Сычуаны сайн хүн” хэмээх бүтээл нь юм. Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг. Учир нь энэхүү жүжиг үзэгчдийг сорьж чаддаг.
Бид тайзны урлагийн гараагаа эхлүүлж буй, жүжгийн аминчхан үзэлт бэрийн дүрд тоглосон Жүжигчин О.Долгортой уулзаж дүрийн талаар болон жүжгийн агуулгын тухай тодрууллаа.
Тэрбээр "Би УДЭТ-ын үндсэн жүжигчнээр ажиллаад зургаан сарын нүүр үзэж байна. 2006 онд СУИС-ийн кино драмын ангийг төгсөөд, түүнээс хойш түлхүү дэлгэцийн уран бүтээлд ажилласан. Тайзны уран бүтээлээ Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгээр эхлүүлж байна. Найман гишүүнтэй гэр бүлийн бэрийн дүр дээр ажиллаж байгаа. Гараагаа том туульсын жүжгээр эхлүүлж байгаа нь нэлээн өндөр шалгуурыг давж байна гэсэн үг.
Хүн ер нь сайн хүн байх боломжтой юм уу, үгүй юм уу. Сайн байх нь ер нь хэрэгтэй юм уу, хэрэггүй юм уу гэдэг асуудлыг хөндөж байгаа. Би мянга сайн байгаад эргэн тойрон маань шимэгчилж мэрээд байхаар, мөн чанараа алдаж эхэлж байгаа юм. Тэгэхээр миний сайн хүн гэдэг тодорхойлолт бол энэ бүх шимэгчлэлт, хэмлэлт, дарангуйллаас өөрийнхөө үндсэн мөн чанарыг авч үлдэж чадаж гэмээ нь сайн болох юм шиг.
Нэгнээ шимигчилж амьдардаг дүр зургийг жүжгийн агуулга харуулна. Миний өмнө ажиллаж байсан дүрүүд их гэгээлэг эерэг талын, даруу төлөв дүрүүд байсан. Энэ дүр миний хувьд өөр ертөнц байсан гэж болно. Бэрийн дүр бол яаж хүнийг шимигчилж болохоор байна. Аль аминчхан занг л тээсэн дүр байгаа. Би дүрээ хайрлаж, өмөөрч өөрийн болгож ажиллахыг хүсдэг. Тэгэхээр жүжигчид маань ирээд үзвэл нөгөө жүжигчин О.Долгор ингэж хувирч өөрчлөгдөж гэж харах байх. Үзэгчдэдээ сонирхолтой байх үүднээс би дүр дээрээ сайн ажилласан. Жүжгийг “Гротеск драм” жанраар тавьж байгаа. Үүнийг хэтрүүлэгтэй, хачирхалтай, хачин сонин, хар инээд гэж тайлбарлаад байгаа юм. Дүрийн араншингаар л үзэгчдэд нэгийг бодогдуулж, орон зай олгож байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн ирж жүжгийн нэг хэсэг байгаарай гэж хэлмээр байна. Дүр болгон л том жижиг, их багын ялгаа байхгүй. Текстгүй масс дунд явж байсан ч гэсэн тэр дүр ямар нэг зүйл хэлж л байх ёстой" гэлээ.
Дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аугаа эрхмүүдийн нэгэн төлөөлөл Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехт зөвхөн сайн зохиол бичихээс илүүтэй театр урлагт хувьсгал хийсэн нэгэн юм. Брехтийн туулж өнгөрүүлсэн амьдрал, түүний уран бүтээлд ихээхэн нөлөөтэй байсан.
Жүжгийн үйл явдал дэлхийн I-II дайны хооронд дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг ба Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг байна.