УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Ховд аймгийн нутаг дэвсгэрт газрын тосны хайгуул хийх шийдвэрээ цуцлахыг шаарджээ. Тэрбээр шаардлагаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хүргүүлсэн байна.
Учир нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газраас Ховд аймгийн Дарви, Дөргөн, Мянгад, Эрдэнэбүрэн, Цэцэг, Зэрэг, Мөст, Чандмань сумын нутгийг хамарсан газрын тосны хайгуулын Хар-Ус II Шарга III талбайд газрын тосны хайгуулын сонгон шалгаруулалт явуулах талаар албан бичгийг аймгийн удирдлагуудад өгсөн.
Ховд аймгийн ИТХ хуралдаж олонхийн дэмжлэг аваагүй хэдий ч Монгол Улсын цэвэр усны нөөцийн 70 хувь агуулагддаг Хар-Ус нуурын ай сав, Их нууруудын хотгорт байгаль экологийн тэнцвэр алдагдуулах уг шийдвэрээ цуцлахыг тэрээр шаардаж байгаа юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шаардлагын хариуд ердөө сонгон шалгаруулалт зарлахыг тодорхой хугацаагаар хойшлуулсан болохыг дурджээ. Тиймээс УИХ-ын гишүүн Ш.Адьшаа энэ асуудлыг дахин хөндөхөө илэрхийллээ.