Бизнес эрхлэгч, цахим орчинд идэвхтэй дуу хоолойгоо хүргэгч Б.Эрхсарантай бид уулзлаа. Тэр бол "Unico bubble tea" кафег үүсгэн байгуулагч. 10-49 хүртэл ажилтантай 4716 ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл. Тэр Тайвань улсад боловсролоо дээшлүүлж эх орондоо ирээд 2019 онд bubble tea кафегаа үүсгэн байгуулж, 10 салбартай болтлоо хэрэгчдэд хүрч чадсан.
/Unico Bubble tea-ийн бүтээгдэхүүн/
Гэвч дэлхий дахиныг нөмөрсөн цар тахалд нэрвэгдэн эхний жилээ хөл хорионд өнгөрөөж, хоёр дахь жилээ үнийн өсөлт инфляцид дарлуулж, одоо гурав дахь жилээ арайхийн давж байна. Учир нь төр засгийн буруу шийдвэр, бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлого явуулдаггүй зэрэг байдлуудаас болж тэр зургаан салбараа хааж, одоо байгаа дөрвөн салбарынхаа ажилтнуудын цалинг арайхийн тавьж байна гэлээ.
Жишээ нь ААН-үүдийн цахилгааны төлбөрийг нэмсэн нь одоо тэдний хувьд туулах ёстой бас нэгэн том даваа бэрхшээл болон хувирчээ.
/Unico Bubble tea-ийн бүтээгдэхүүн/
Монгол Улсад 798 орчим хууль, 2100 орчим УИХ-ын тогтоол, 2398 орчим захиргааны хэм хэмжээний акт байдгаас 5000 орчим эрхзүйн хэмжээний актууд нь хоорондоо зөрчилддөг, үл ойлголцол үүсгэдэг, нэгнээ үгүйсгэдэг. Ийм бичиг цаас хууль эрх зүйн орчин ЖДҮ эрхлэгчдэд бүр л хүндрэл учруулдаг байна.
/Unico Bubble tea кафе/
Тиймээс жижиг дунд бизнес эрхлэгч Б.Эрхсаран, "Төр бидэнд тус болохгүй юм аа гэхэд гай болохоо боль. Би бизнес эрхэллээ гээд баяжсан зүйл алга. Зээлнээс зээлний хооронд л амьдарч байна" гэсэн юм. Зээлээр бизнесээ авч явж байгаа Б.Эрхсаран мөн НДШ, ЭМД зэрэг төрийн үйлчилгээнүүд үр дүнгээ өгдөггүй тул түүнд мөнгө зарах нь ч хэцүү байна гэв. Жишээ нь үйлчилгээний байгууллагын ажилтнууд байгууллагадаа удаан тогтвортой ажилладаггүй онцлогтой тул заавал НДШ-д мөнгө үрэх нь ч хэцүү байна гэсэн юм.
/Unico Bubble tea-ийн үүсгэн байгуулагч Б.Эрхсаран/
Уг нь Б.Эрхсаран гар хумхиж зүгээр суугаагүй. Бизнес эхлүүлж, цахим орчинд бараа таваар сурталчилж, гацуур мод гоёлын хувцас гэх зэргээр элдэв юм зарж наймаа эрхэлж 3-4 ажил амжуулж хичээж, хөдөлмөрлөж байгаа хүн. Гэсэн ч монголд амьдрахад амаргүй байгаа тухай хэлж байна. Тэрээр, "Яг үнэндээ цаашдаа яаж амьдрах, аж амьдралаа хэрхэн залгуулахаа мэдэхгүй байна. Эх орондоо хайртай ч, эх орноосоо зугтаах нөхцөлийг төр өөрөө бүрдүүлж байна. Монголд юмны үнэ өртөг асар өндөр. Тэгсэн хэрнээ хүмүүс бид яаж амьдраад байгааг гайхаад олдоггүй. Би саяхан энэ талаар бодож байхад бид ердөө л зээлнээс зээлний хооронд л амьдардаг юм байна гэж дүгнэсэн" гэсэн юм.
Ийм л учраас 200 гаруй мянган монгол иргэн харь улсыг зорьж эх орноо аргагүйн эрхэнд орхиж байна. Одоогоор АНУ-д 40.1 мянган иргэн, Европын холбооны улсуудад 43.7 мянган иргэн, БНСУ-д 50.8 мянган иргэн, Япон улсад 16.3 мянган иргэн, Австрали улсад 7.0 мянга гаруй монгол хүн аж төрж байна.
Монгол улс минь, эх орон маань яг энэ байдлаараа байвал харийг зорих ажиллах хүч, монгол оюун ухаан цөөрч монголд ач зээ нараа харж үлдсэн эмээ өвөө олон хүүхдээ орхиод явах боломжгүй ээж аав л үлдэх нь ээ.