Ням гарагт Истанбулын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт дэлбэрэлт болж, зургаан хүний амь үрэгдэж, олон арван хүн шархдсан хэрэг болсон. Харин энэ хэргийг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн саатуулагдсан эмэгтэй Сирийн иргэн бөгөөд Курдын дайчдад сургагдсан гэж Туркийн эрх баригчид мэдэгдлээ.
Тодруулбал, сэжигтэн эмэгтэй Сирийн хойд хэсгийн Африн хотоор дамжин тус улсад бичиг баримтгүй нэвтэрсэн гэж Туркийн цагдаагийн албаныхан мэдээлэв. Мэдэгдэлд дурдсанаар, албан хаагчид 1200 хамгаалалтын камерыг шалгаж, халдлага үйлдэгчийг таксинд суухаасаа өмнө хэргийн газарт тэсрэх бөмбөг тавьсан гэж таамаглаж буй маршрутыг тогтоосон байна. 46 орчим хүнийг мөн саатуулсан гэж цагдаа нар нэмж хэллээ.
Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу засгийн газар Курдистаны ажилчдын нам болон Ардчилсан холбооны курдын салан тусгаарлагчид халдлага үйлдсэн байх магадлалтай гэж үзэж байгаагаа мэдэгдсэн бол Курдистаны ажилчдын нам үүнийг үгүйсгээд байна.
Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган “терроризм мэдрэгдэж эхэллээ” хэмээгээд энэ хэргийг үйлдсэн этгээдэд зохих шийтгэлийг нь өгөхөө хэлээд байгаа. “Курдын ажилчдын нам”, “Сирийн ардчилсан хүчин”, “Ардчилсан холбоо” зэрэг террорист бүлэглэлүүдтэй Турк улс тэмцсээр ирсэн билээ.
SOURCE: CNN