Жо Байден албан үүрэгтээ орсноос хойш анх удаа БНХАУ-ын даргатай уулзлаа. Их-20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт өнөөдрөөс Индонезийн Бали-д эхэлж байгаа юм. Уулзалтын дараа Ж.Байден сэтгүүлчдэд хандан хоёр талын санал зөрж байгаа асуудлууд дээр Ши Жиньпинтэй “илэн далангүй” ярилцсан гэдгээ хэллээ.
Тэрээр БНХАУ-ыг Тайваньд довтлон халдана гэдэгт эргэлзэж байгаа бөгөөд бүх төрлийн мөргөлдөөнөөс зайлсхийхийг илүүд үзэж буйгаа Ши Жиньпинд ойлгуулсан гэдэгтээ итгэлтэй байна гэжээ. Гэсэн хэдий ч АНУ-Хятадын харилцааг сүүлийн хэдэн жилд доош татсан асуудлуудыг Ши Жиньпиний хамтаар шийдвэрлэхэд багахан ч ойртсонгүй гэдгийг мөн нээлттэй илэрхийллээ.
Түүнчлэн, хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Байден “Та бүхний хэлж байгаа Хүйтэн Дайн шиг зүйл болохгүй” гэж зарим эргэлзээтэй асуултад хариулт өгөв. АНУ-ын ерөнхийлөгчийн хувьд энэ уулзалтаар талуудын харилцааг муутгаж буй асуудлуудаар хэлэлцэж, дүгнэлтэд хүрнэ гэсэн найдлагыг тээж байсан талаар барууны хэвлэлүүд бичиж байна.
Тэрээр Ши Жиньпинийг урьдын адил харилцахад төвөгтэй бус, маш шулуун, тодорхой байсан гэдгийг онцоллоо. Тодруулбал, “Ши тодорхой байсан, би ч тодорхой байлаа. Би АНУ-ын үнэт зүйлийг хамгаалж, хүний эрхийг дэмжиж, олон улсын дэг журмыг сахиж, холбоотнууд ба түншүүдтэйгаа хамран ажиллах болно. Бидний өрсөлдөөн хүчтэй хэвээр байна, гэхдээ зөрчилдөөнөөс хол байна” гэж Ж.Байден хэллээ.
Ийнхүү дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний удирдагч уулзсаны дараагаар цаашдын харилцааг сайжруулах зорилгоор АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен БНХАУ-д айлчилна гэдгийг Ж.Байден мэдэгдлээ.
SOURCE: CNN