Өрөг.мн сайт дэлхийн өнцөг булан бүрт эх орныхоо нэрийг өндөрт өргөн, мэдлэг чадвараараа дэлхийд үнэлэгдэн, ажиллаж байгаа залуусын ажил, хүсэл мөрөөдлийг нь уншигч та бүхэнд хуваалцдаг билээ.
Бид энэ удаад Австрали улсын Мелбурьн хотод амьдардаг, SBS Mongolian radio хөтөлбөрийн продюсер Ж.Ундрахбаярыг онцоллоо. Тэрээр Австралийн хэвлэл мэдээллийн байгууллагаар албан ёсоор анх удаа Монгол хэлээр цацагдах радио хөтөлбөртэй болжээ.
Ж.Ундрахбаяр Австрали улсад очоод дөрвөн жил, SBS-д ажиллаад нэг жил гаруй болж байгаа аж.
“SBS бол Broadcaster. Телевизийн зургаан сувагтай, радиогийн долоон сувагтай, олон хэл дээрх вебсайттай.
Австрали ABC, SBS гээд хэвлэл мэдээллийн хоёр том байгууллагаа засгийн газраасаа санхүүжүүлдэг. ABC нь Австрали хүмүүст зориулсан ихэнх хөтөлбөр нь англи хэлээр гардаг. Харин SBS нь энд амьдардаг олон үндэстэнд зориулж, гаднаас ирсэн хүмүүст өөрсдийнх нь хэлээр радио, дижитал хөтөлбөр явуулах зорилготой.
63 хэлээр хөтөлбөр гаргадгийн нэг нь манай Монгол хэлээр явуулдаг хөтөлбөр юм. Монгол хэлний хөтөлбөрийн хувьд дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Сая хэдхэн долоо хоногийн өмнө Австралийн радио шугамаар анх удаа Монгол хэлээр хөтөлбөр явж эхэлсэн. Энэ нь Австралийн хэвлэл мэдээллийн байгууллагаар анх удаа албан ёсоор Монгол хэлээр хөтөлбөр явж эхэлж байна.
Энд ажиллах нь надад сэтгүүлчийн хувьд нэр төрийн хэрэг байдаг” гэж өөрийн ажлын тухай хуваалцсан юм.
Түүний хувьд Австрали улсад амьдарч, амжилттай ажиллаж байгаа монгол иргэдээс ярилцлага авч, өөрийн сувагт байршуулан, уншигч олны хүртээл болгодог.
Гадаадад ажиллах, тэр дундаа өөрийн мэргэжлээр ажиллах амаргүй. Хамгийн гол нь англи хэлээ маш сайн сурах ёстой гэж гадаадад ажиллахаар төлөвлөж буй залууст зөвлөсөн юм. Тэрээр “Англи хэлний мэдлэг маш сайн, мэргэжлээрээ ажилласан туршлагатай, чадвартай бол анх ирээд шууд мэргэжлээрээ ажиллах боломжтой. Гэхдээ ихэнх тохиолдолд амаргүй байдаг. Заавал энд сургууль төгссөн байх шаардлагагүй. Өөрийн улсын ажлын туршлагаар энд ажиллах боломжтой байдаг.
Хэвлэл мэдээллийн салбарт ажиллана гэж бодож байгаа бол таны хамтарч ажиллах хүмүүс, бэлтгэн гаргах контент гээд бүгд англи хэл дээр байх болно. Миний харснаар энд сэтгүүлч мэргэжлээр ажиллах хүсэлтэй хүн бүр ажиллах боломжгүй. Учир нь Австралийн хэвлэл мэдээллийн салбар өөрийн улсын хүмүүсээ авах сонирхолтой байдаг. Гэхдээ үнэхээр чадварлаг, англи хэлний мэдлэг сайн бол татгалзах шалтгаан үгүй.
Бусад салбарынх бол энд ирээд ямар мэргэжлээр ажиллах гэж байгаа, Монголоос ялгаатай болон адил тал нь юу байна гээд маш сайн судлах хэрэгтэй” гэсэн юм.
Мөн “Австралид байгаа монголчууд салбар бүрт маш амжилттай ажиллаж байна. Ихэнх хүмүүс гадаадад ажиллаж байгаа гэхээр эрэгтэйчүүдийг нь барилга дээр, эмэгтэйчүүдийг нь цэвэрлэгээ хийдэг гэсэн нийтлэг ойлголт байдаг. Энэ үнэн. Гэхдээ үргэлж гэр цэвэрлээд, төмөр дээр ажиллана гэсэн үг биш. Тэд бүгдээрээ ажлынхаа хажуугаар сурч байдаг. Сургуулиа төгсөөд, бүгдээрээ мэргэжлээрээ ажилладаг” тухай ярилаа.