Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын залуу малчин Г.Билгүүндалай гурван хүүхэдтэй айлын дунд хүү. Тэрээр малч ухаанаа өвлөж, хөдөө амьдрахаар шийджээ. Морь уях сонирхолтой Г.Билгүүндалай залуусыг нэгнээ ойлгож, монгол уламжлалаа өвлөж явахыг уриалсан юм. Ингээд түүний ярианы гол агуулгыг хүргэе.
"…Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1-р багийн малчин Галхүүгийн Билгүүндалай байна. Манай энд миний үеийн залуус хөдөө ховорхон байдаг л даа. Би 2019 онд ЕБС-д төгссөн. Мориндоо дурлаад л, морио дагаад хөдөө гаръя гэж шийдсэн. Ноднин зун Цагаан-Үүр сумын тэгш ойд яваад, морь маань 4-өөр давхисан.Төрийн наадмын анхны айраг авсандаа баяртай байгаа.
Би өөрөөрөө бахархаж явдаг. Яагаад гэвэл залуу малчид ховордсон, хүн болгон л хот хүрээ гээд явж байна. Одоо 20 гараад явчихлаа. Ганц хоёр жилээс гэр бүл зохионо гэж бодож байгаа. Хөдөө малаа маллаад ганцаараа байгаа эрэгтэй хүн төв дээр ажлаа хийж байгаа багш, эмч нартай гэр бүл зохиогоод болоод л байна. Амьд хүн аргатай шүү дээ. Хоорондоо тохироод, нийлээд суувал болохгүй юм байхгүй гэж боддог. Нэг нь заавал хот орох ёстой. Нөгөө нь хөдөө гарах ёстой гээд байлгүй ойлголцох хэрэгтэй юм болов уу. Ингэвэл хөдөөд залуу малчдын тоо нэмэгдэнэ гэж боддог.
“Залуу малчин хосууд салж байна” гээд л янз бүрийн юм ярьцгаах юм. Ер нь хоорондоо гоё ярилцах хэрэгтэй юм болов уу…Нэгэндээ тунихдаа гол нь биш… Малчин хүн малаа хаяад явна гэж байхгүй шүү дээ. Өдөржин дагаастай. Үүнийг нь л ойлгож өгөх хэрэгтэй байх. Төр засгаас ч залуу малчдын тоог нэмэгдүүлэх, дэмжих тал дээр анхаараасай. Залуучууд гоё эерэг байгаасай. Зөв хандлагатай байж, харах өнцгөө өөрчлөөсэй. Өв соёлоо дээдэлж яваарай. Аав ээжийнхээ захисан үгийг сайн дагаж яваарай гэж хэлье” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.