Өнгөрсөн сарын 21-ний 22:55 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Машинтай согтуу хүмүүс зодоон хийгээд байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.
Энэ дагуу шалгахад БНХАУ-ын иргэн Р, Т болон орчуулагч Монгол Улсын иргэн “Н” нар үл таних БНХАУ-ын хоёр иргэнтэй маргалдаж, улмаар хоорондоо зодолджээ.
Энэ үед БНХАУ-ын иргэн Т нь автомашинаа унаж зугтах үед Монгол Улсын иргэн Б зодоон хийсэн хүнийг явуулахгүй гэх шалтгаанаар “Тоёота Камри” маркийн автомашинаараа замыг нь хааж хөндлөн байрлуулахад нь түүний автомашиныг болон дэргэд нь байсан өөр нэг машиныг мөргөж зугтсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Мөргүүлсэн тээврийн хэрэгслүүдэд үнэлгээ хийж, БНХАУ-ын иргэн Т, Р нарын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлжээ.
Зодоон хийгээд зугтсан БНХАУ-ын хоёр иргэнийг хэн болохыг тогтоохоор Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.