NBA-д монгол тоглогч өрсөлдөхийг харах сан… Спортын хорхойтнуудын хамгийн их хүсэн, хүлээж буй зүйлсийн нэг нь энэ яах аргагүй мөн. Монголын гэлтгүй бүхий л орны сагсан бөмбөгчдийн мөрөөдөл NBA байсаар ирсэн. Энэ монголчуудын хувьд зүгээр нэг мөрөөдөл бус бодит биеллээ олоход тун ойртож очоод байна.
Монголын үе, үеийн сагсан бөмбөгчдийн гарахыг хүссэн оргилд Шаравжамцын Энхийн-Од мөрөө үлдээх гарц гэрэлтэй байна. Одоо зөвхөн тэр NBA-г бус NBA ч мөн түүнийг сонирхож байгаа нь лавтай.
Гавьяат тамирчин Ц.Шаравжмцын хүү Ш.Энхийн-Од АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн NCAA-д Монголоос анх удаа тоглож байгаа билээ. “Дэйтон Флэйерс” багт багтсан анхны монгол тоглогч тэрбээр NCAA-ийн эхний тоглолтдоо 14 оноо авч, багаа тэргүүлсэн. NCAA-д гялалзана гэдэг NBA-д хөл тавих, томоохон багуудын хараанд өртөх том боломж. Энэ боломжоо Ш.Энхийн-Од супер нээж, томоохон багуудын анхаарлыг хэдийнэ татаад эхэллээ. Одоо мэргэжлийн сагсан бөмбөгийн хүрээнийхэн түүнийг “Mongolian Mike” гээд андахгүй боллоо.
Ш.Энхийн-Од гэж хэн бэ
-Ш.Энхийн-Од АНУ-ын Финикс хотод мэндэлсэн, тэнд хоёр жил амьдарсан. Одоо 19 настай, 201 см өндөр, 75 кг жинтэй.
-Түүний аав нь гавьяат тамирчин, Монголын сагсан бөмбөгийн тод од Ц.Шаравжамц. Ш.Энхийн-Одын ах Мөнхийн-Од нь мөн сагсан бөмбөг тоглодог.
-Ах, дүү хоёр хамтдаа УАШТ-д гурван удаа оролцож байжээ. Тэднийг, Ц.Шаравжамц гавьяатын гэр бүлийг сагсан бөмбөгийн спортгүйгээр төсөөлөхийн аргагүй.
-“Аавынхаа үргэлжлэл болох ирээдүйтэй, авьяастай” гэж багаасаа үнэлэгдсэн Ш.Энхийн-Од багаасаа аав шигээ сагсан бөмбөгчин болохыг мөрөөдөн, найман настайдаа эл спортоор хичээллэжээ. Улмаар 11 настайгаасаа хойш тэмцээнд оролцож байгаа юм.
-Ш.Энхийн-Од АНУ-ын оюутны сагсан бөмбөгийн дээд лигийн “Дэйтон”-ы их сургуулийн багт хүчин зүтгэдэг.
-Монголчууд тэр тусмаа сагсан бөмбөгийн хорхойтнууд түүнийг багаас нь мэдэх ч хэр авьяастай, ур чадвартайг нь улам бахадсан, мэдэрсэн тэмцээн бол 2019 онд Монголд болсон сагсан бөмбөгийн 3×3 төрлийн 18 хүртэлх насны ангиллын ДАШТ.
Тус тэмцээнд Ш.Энхийн-Од багийнхаа гол тоглогч, ноён нуруу нь байж, аавынхаа залгамж болох ирээдүйтэйгээ харуулсан юм. Тус тэмцээнд Монголын сагсан бөмбөгчид Латви, Беларусь, Гүржийн багийг хожин, шилдэг наймд шалгарсан нь чамлахааргүй том амжилт.
-Ш.Энхийн-Од 2019 оны дээд лигт “Хангарьд Хан-Уул” багийн бүрэлдэхүүнд өрсөлдөн, хүрэл медаль хүртсэн.
Тэр жилийн Бүх оддын тоглолтын цагариган дээрээс довтлох үзүүлбэрийн төрөлд өрсөлдөхдөө аавынхаа дээгүүр үсэрч тохох, шуугиулсан юм.
Ш.Энхийн-Од энэ жил дээд лигт “IHC apes” багийн бүрэлдэхүүнд хэдэн удаа тоглоод АНУ руу буцсан.
-Энэ жил Монголын сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багт албан ёсоор дуудагдсан юм. Харамсалтай нь, Азийн аваргын урьдчилсан шат АНУ-ын оюутны лигтэй давхацсан тул оролцож амжаагүй.
-Ахлах сургуулийн чансааны хамгийн шилдэг тоглогчид уригдан тоглодог “Nike hoop simmit” тоглолтод анх удаа Ш.Энхийн-Од өрсөлдөн, Монголын спортын салбарт нэгэн шинэ хуудас нээсэн. Тус тоглолтод уригдан хүч сорьсон монгол тоглогч түүнээс өөр үгүй.
Тэрбээр Монголын төдийгүй Ази тивийн цорын ганц төлөөлөн болон дэлхийн шигшээгийн бүрэлдэхүүнд АНУ-ын багийн эсрэг тоглосон. Эл тоглолтыг түүний аав Ц.Шаравжамц үзэн, хүүгээ бахархан, бахдан суугаа нь энэ. Ш.Энхийн-Од “Nike hoop simmit” тоглолтод Ази тивээс уригдан хүч сорьсон зургаа дахь тоглогч.
– NBA-ийн тамирчин болж, эх орондоо сагсан бөмбөгийн академи байгуулахыг мөрөөддөг.
-Ш.Энхийн-Од АНУ-ын оюутны дээд лигт тоглож буй Монголын анхны тоглогч. Тэрбээр “Дэйтон Флэйерс” багийнхныхаа хамт ирэх сарын 17-нд “United center”-т тоглоно.