Их-20-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт Индонезид энэ сарын 15-нд эхэлнэ. Уламжлал ёсоор Их-20-ийн бүлгийн уулзалтад ирсэн төрийн тэргүүнүүд бүгд хамт зогсож зураг авхуулдаг. Энэ жил хэдий ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин ирэхгүй ч, түүний ойрын хүн, гадаад хэргийн сайд Сергей Лавров оролцохоор болсон. Тиймээс С.Лавровтай хамт зургаа авхуулахгүй гэсэн шалтгаанаар энэ жил уламжлал эвдэгдэх нь. Бусад дээд хэмжээний уулзалтууд дээр С.Лавров дэлхийн өлсгөлөн, хүнсний хямралын асуудалд ОХУ буруугүй гэж хэлэн танхимыг орхиж гарсан удаатай. Харин Володимир Зеленский цахимаар оролцоно. Тэрээр В.Путин ирвэл оролцохгүй гэж хэлж байсан юм. Энэ жилийн Их-20-ийн бүлгийн уулзалтын бас нэг онцлох зүйл бол Их Британийн шинэ ерөнхий сайд. Риши Сунак анх удаа дэлхийн удирдагчидтай нэг дор уулзах гэж байгаа тул түүний хувьд ч их чухал уулзалт болно гэж шинжээчид тодорхойлж буй. Тэрээр В.Путин ирвэл мөн оролцохгүй гэдгээ мэдэгдэж байсан юм. Их 20-ийн бүлгийн уулзалт “Хамтдаа сэргэе, хүчтэй сэргэе” уриан дор явагдах гэж байна.
Эх сурвалж: THE GUARDIAN