ЦАЛИНГАА НЭМ, БИД БҮСЭЭ ЧАНГАЛААД ЦӨХӨРЛӨӨ!
Үзэгчиддээ өдрийн мэнд хүргэе. Сөрөг хүчин тоймын шинэ дугаарыг хүргэж байна. Сарын цалингаа бүтнээр нь өгөөд, дээрээс нь эхнэрийнхээ цалинг нэмэрлээд ч өрөө төлж дийлэхгүй байна хэмээн иргэд үгээ хэлж цөхөрч байна. Бухимдсан иргэд төв талбайд жагссан нь өнгөрч буй 7 хоногт нийгэмд цочроо өгсөн, “Нээрээ ч болохоо байлаа” гэж хэн хүнгүй бодоход хүргэсэн үйл явдал байлаа. Ардын намынхан 2020 оны сонгуулиар ядуурлыг үе шаттай бууруулна гэж амлаж байлаа. Гэвч өнөөдөр бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөж, цалин цаас болж, ядуу иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Гурван хүн тутмын нэг нь ядуу гэх албан судалгаа байгаа ч бодит байдал дээр иргэдийн амьжиргаа хэд дахин дордчихоод байгааг сануулсан 7 хоног байлаа.
ЭРХ БАРИГЧИД ИРГЭДЭЭ “ШУЛЖ МӨЛЖИХ” ТӨСӨВ БАТАЛЛАА
Иргэд нь ингэж жагсаж байхад өр дүлий юм шиг аашилж, төсвөө бушуухан шиг баталсан нь энэ 7 хоногийн бас нэг гутамшиг байлаа. Эрх баригчид түүхэндээ анх удаа 1 их наяд төгрөг хэмнэлээ гэж цээжээ дэлдэж байгаа хэдий ч 2023 оны төсөв алдаа завхралаар дүүрэн байна. Хэмнэж байна гэж сүржигнэх мөртлөө төсвийн урсгал зардал өмнөх оноос 480 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 15 их наяд төгрөг давлаа. Ичих булчирхайгаа гээчихсэн Ерөнхий сайд нь ч өөрийнхөө аймагт бусдаасаа тасарчихсан, хамгийн өндөр төсөв батлуулж авлаа. Товчхондоо, ард түмэнтэйгээ гөжүүдэлж, янзыг нь үзэж байгаа юм шиг дарамттай төсвийг эрх баригчид баталж орхилоо.
Эрх баригчид 2023 оны төсөвт үндсэн хуулийн суурь зарчмаа бас л уландаа гишгэж, иргэдээ орлогоор нь ялгаравлаж, хүүхдүүдээ алагчиллаа. Ирэх оноос 3,5 сая ба түүнээс дээш орлоготой айлуудын хүүхдүүдийг хүүхдийн мөнгөнөөс хаслаа. Ингэснээр ирэх онд нийт хүүхдийн 91 хувь мөнгөө авч, 9 хувь нь хоосон хоцорч байна. Уг нь хүүхдийн мөнгө гэдэг халамж биш, баялгийн хуваарилт хийх замаар хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого. Гэвч ардын намын дарга нар ялгаварлан гадуурхалт гэгчийг утгаар нь хэрэгжүүллээ. Бүдүүлгээр хэлбэл,баячуудын хүүхэд хүүхэд бишээ гээд л хэлчихлээ. Түүнчлэн, ирэх оноос хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцоо хэрэгжүүлж, сарын 15 саяын цалин орлоготой иргэдээс 10 биш, 15 хувийн, 20 саяын цалин орлоготой бол 20 сая төгрөгийн татвар авахаар эрх баригчид баталчихлаа. Сарын 15 сая ба түүнээс дээш төгрөгийн цалин орлоготой 1300 хүн л манай улсад бий. Гэтэл тэднийг бас л ялгаж, ийнхүү төсвийн ачаа үүрүүлэхээр боллоо. Нэг ёсондоо төр илүү хөдөлмөрлөсөн иргэдээ ялгаварлаж, хөлс хүчийг нь сорж мөлжих бодлогоо эрчимүүлж байна. Эндээс харж болох хамгийн өрөвдөлтэй бас нэг зүйл нь нийт өрхийн ердөө 9-хөн хувь нь сарын 3,5 саяас дээш төгрөгийн орлоготой гээд бодохоор бид бүгдээрээ ядуу, эрх баригчдын өөрсдийнх нь хэллэгээр бол улны үхэр Монголчууд болж таарч байна. МАН улсаа ядууралд живүүлж байгаа гэдгийг тэдэнд энэ тоо дахин нэг сануулж өглөө.
ДЭД САЙДЫН ОГЦРУУЛСАН ДУУЛИАН БА ЛУЙВАРЧИН ЗАНГАА ЗАСАХЫГ АНХААРУУЛСАН ДОХИО!
Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ энэ 7 хоногт ажлаа өглөө. Түүний хувьд жил гарангийн өмнө болсон олон улсын хурлын үеэр Оросод боловсрол эзэмшсэн, хоцрогдсон мэргэжилтнүүд шинэ үетэйгээ ажиллахад сорилттой, хэцүү байдаг, асуудал болдог гэж хэлснийхээ хариуд олон нийтийн шүүмжлэлд өртөж, суудлаасаа буулаа. Хөндсөн асуудлынх нь цаад санаа зөв ч гэлээ бүхэл бүтэн улсаа төлөөлж байгаа хүн хэлэх үгээ ямагт цэгнэж явах учиртай гэдгийн хатуухан жишээ энэ боллоо. Гэхдээ түүнийг ажлаа өгч хариуцлага хүлээх гол шалтгаан бол илтгэлийн бичлэг биш гэдгийг хэн ч хөндөлгүй, анзааралгүй л өнгөрчихлөө. Угтаа Б.Болор-Эрдэнэ гэдэг хүн төрийн мөнгөөр гадаад улсад суралцсан ч мөнгөө одоог хүртэл төлөөгүй байгаа гэдгийг бид мартах учиргүй юм. Эндээс харахад, Болор-Эрдэнийг зохион байгуулалттайгаар харлуулсан, үгэн дээр нь дөрөөлсөн гэхээсээ илүүтэй ардын хүүхдийн боломжийг булааж, төрийн мөнгөөр сурсан ч мөнгөө төлөхгүй уу унжиж байгаа асуудалдаа хариуцлагаа хүлээж байна гэж харвал илүү үнэнд нийцэх дүгнэлт болох юм. Ерөөсөө дарга нарын хүүхдүүд л Боловсролын зээлийн сангийн мөнгөөр сурч ирээд биднийг удирддаг, сургалтын төлбөрөө төлөхгүй гэж ард түмнийг доромжлоод суудаг, хулгайч луйварчин зангаа зас” гэх том сануулгыг Болор-Эрдэнэ шиг олон хүнд өгсөн долоо хоног болж өнгөрлөө.
ЕРӨНХИЙ САЙДЫН ГОМДЛООР ЗАЛУУС ЯЛ ОНООЖ, СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЖАГСАХ ЭРХИЙГ НЬ ХААЛАА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг гүтгэчихлээ хэмээн шүүхэд гомдол гаргаж, түүнийг нь шүүх гэрлийн хурдаар шийдэж, Э.Одбаяр нарын дөрвөн залууд шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оноосон нь өнгөрсөн 7 хоногийн бас нэг дуулиан байлаа. Тэднийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хүн амины хэрэгт холбоотой хэмээн гүтгэсэн, иргэн Д.Монголхүүг хорих ангиас оргуулж, хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх үндэслэлээр 1-1,2 жилийн хугацаанд амьдарч байгаа дүүргээсээ гарахгүй байх буюу зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэлээ. Тэднийг ингэж ялласан нь цаагуураа үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг нухчин дарах оролдлого явж байна гэх олон нийтийн бухимдал байна. Учир нь, Орос Украины дайныг эсэргүүцэж, жагсаж байсан тэднийг үг дуугүй болгох зорилготой алхмыг Ерөнхий сайд хийлээ. Ерөнхий сайд залуусын амыг барьж, жижгэрлээ. Шүүх ардын намынхаа даалгавраар маш хурдан ажиллалаа гэх хурц шүүмжлэл ч нийгэмд өрнөлөө. Нөгөө талдаа, Ерөнхий сайд шалихгүй асуудлаар шалтаглаж, залуусын талбай дээр ирж жагсах боломжийг нь бүрмөсөн хаалаа. Үүний цаана сурч хөгжих гээд олон боломжийг нь хааж байгааг ч энд хөндөх учиртай юм.
Үзэгч та бүхэнд “Сөрөг хүчин” тоймын ээлжит дугаарыг хүргэлээ. Өрөг.мн сайт сөрөг хүчингүй болсон эрх баригчдын алдааг сануулж, хурцаар шүүмжилж, жинхэнэ сөрөг хүчин, сөрөх хүч нь байх болно.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.