Батлан хамгаалахын Төв архив иргэд, албан байгууллагын эрэлт хүсэлтийг хүлээн авахдаа биечлэн болон өргөдлөөр гэсэн хоёр хэлбэрээр хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдөр /2022.11.11/-өөс эхлэн 5 төрлийн лавлагааг цахимаар захиалга өгч, хүлээн авах боломжтой болжээ.
Үүнд:
Монголын ардын арми, Ардын цэрэг, Зэвсэгт хүчинд 1951 – 2018 онуудад хугацаат цэргийн алба хаасан тухай;
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, харъяа командлал, анги байгууллагуудад хөдөлмөр эрхэлсэн тухай лавлагаа;
БХЯ-ны харъяа байгууллага, Монголын ардын арми, Зэвсэгт хүчний анги нэгтгэлд хөдөлмөр эрхэлж цалинжсан тухай лавлагаа үйлчилгээ;
1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940 – 1948 оны улсын баруун хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн алба хааж дайн байлдаанд оролцсон ахмад дайчдын тухай лавлагаа;
Цол шагнагдсан, албан тушаалд томилогдсон тушаал, сургуульд элссэн болон төгссөн тушаал болон дүнгийн хүснэгтийн хуулбар зэрэг үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.mn сайтад хандан авах боломжтой боллоо.
Үйлчилгээний алхам:
Иргэн тухай байгууллагын үйлчилгээ сонгох;
Өөрийн нэвтрэх эрхээр тус системд нэвтрэх;
Авах үйлчилгээнд хүсэлт гаргах;
Хүсэлт шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэхээр очсон үйлчилгээний хураамжийг төлөх;
Шийдвэрлэгдсэн хүсэлтийг хүлээн авах;
Ингэснээр иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхээс гадна зардал хэмнэх давуу талтай гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.