Дэлхий даяар амьтны үс, ноосоор хийсэн, амьтан дээр туршилт хийсэн бүтээгдэхүүнээс татгалзаж эхэлсэн. Тэгвэл бидний сайн мэдэх “Би чамд хайртай” киноны гол дүрийн жүжигчин Үрлээ буюу С.Пүрэвмаа веган хувцас хэрэгсэл үйлдвэрлээд 30 гаруй жил болжээ. Тэрээр “Өв соёл судлал, зохиомж, урлахуй ухааны хүрээлэн” ТББ-ыг үүсгэн байгуулж, эрүүл ногоон хооллолт, эрүүл ногоон хувцаслалт, эрүүл ногоон хэв маяг соёлыг нийгэмд дэлгэрүүлэхээр ажиллаж байна. Амьтны амь, арьс үс ороогүй веган хувцасны онцлогийн талаар түүнтэй ярилцлаа.
С.Пүрэвмаа “Би веган хувцас үйлдвэрлээд 30 гаруй жил болж байна. Хамаатныхаа Чалхаа эгчийн Сансрын захиалга оёдолд ажиллаж анх оёж сурсан. Мэргэжлийн сургуульд сураагүй.
Амьтны амь ороогүй, амьтанд туршилт хийгээгүй, амьтныг зовоогоогүй хийсэн хувцсыг веган гэдэг. Манай хувцасны загвар Монгол хэв маягтай, биед эвтэйхэн эрүүл мэндэд тустай, хүний амин орон зайг хамгаалсан байдгаараа онцлог. Би бүтээлүүдийнхээ загварыг өөрөө бодож, гаргаж, өөрөө урладаг. Загвараа гаргахдаа монгол хүний бие физиологи, манай орны эрс тэс уур амьсгалын нөхцөл байдлыг харгалзан үзэж, Монгол хүний эрхэмсэг, тансаг төрхийг тодотгон харуулахыг зорьдог. Жишээлбэл, бидний дотор нар, тэнгэр, газар байдаг гэж төсөөлж загвараа гаргадаг. Манай цамц тэнгэр шигээ задгай, өмд нь газар шигээ тавиу байдаг. Бариу биш агаартай учраас хөл, үений өвчнөөс сэргийлдэг. Мөн хүний арьс бүх нүх, сүвээрээ амьсгалж байдаг учраас амьсгалд саад болохгүй, биеийг хөлөргөхгүй, дааруулахгүй байхад ихэд анхаарч, амьсгалдаг, цэвэр хөвөн даавуун материал сонгодог. Нэмэлтээр дээр үеийн мөнгө, зэс, гууль товч ашигладаг.
Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй улс хүртэл загвараа веган буюу амьтны гаралгүй эд материалаар хийсэн хувцас үйлдвэрлэл рүү хурдтай шилжиж байна. Монголчууд ч үндэсний уламжлалт хувцас эдлэлээ амьтны гаралгүй веган материалаар хийж, өмсөж эдлэх нь бидэнд олон талын онцгой ач холбогдолтойгоос гадна байгаль дэлхийгээ хайрлаж буйн нэг хэлбэр юм.
Монголчууд, залуучууд минь бидэнтэй зэрэгцэн оршиж байгаа бүх амьтад, амьтай бүхэнд хүндэтгэлтэй хандъя. Тэдэнд харгис, хэрцгийгээр хандахгүйгээр бүхий л оршихуйг хайрлаж амьдарцгаая. Амьтны амь, арьс, үс ороогүй идээ ундааг хэрэглэж, амьтны амь нас ороогүй хоол хүнс, хувцас хэрэгсэл хэрэглээсэй гэж хүсэж байна” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.