Good foundation forming сургалтын төв гэр бүлийн гишүүдээсээ анх удаа дээд боловсрол эзэмших гэж байгаа, сурах хүсэл эрмэлзэлтэй, амьдралын нөхцөл боломж тааруу хүүхдүүдийг сонгон шалгаруулж нэг жилийн хугацаанд англи хэл үнэ төлбөргүй заах, Ielts, Toefl-ийн шалгалтын зардлыг төлөх, гадаадын 100 хувь тэтгэлэгтэй сургуульд сургах боломжийг нээж байна.
“Анхдагч” төсөлд 16-21 насны хүүхэд залуус хамрагдах боломжтой. Өргөдөл хүлээн авах хугацаа нь 11 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 01-ний хооронд үргэлжилнэ. Энэ талаар мэдээллийг Good foundation forming сургалтын төвийг үүсгэн байгуулагч О.Энхмөрөнгөөс тодрууллаа.
-Анхдагч төслийг хэрэгжүүлэх болсон түүхээс манай уншигчдад хуваалцаач?
-Манай аав ээж хоёр бизнес эрхэлдэг хүмүүс байлаа. Тухайн үед зах зээлийн шилжилт болж, аав ээж хоёрын ундааны үйлдвэр дампуурсан юм. Улмаар бид Дэнжийн мянга руу шилжин нүүх болсон. Тэнд наймдугаар ангиасаа сурч эхлэхэд надтай хамт сурдаг байсан маш мундаг хүүхдүүд сургалтаа үргэлжлүүлэх боломжгүй болоод, сургуулиасаа гарч, хар бор ажил хийж эхэлсэн. Тэр үед би юу бодсон гэхээр, “санхүүгийн боломжтой байсан бол энэ хүүхдүүдэд тусалж болох л байсан юм байна даа” гэж бодсон. Ингээд би өөрийгөө боловсруулж ирээд ямар нэг байдлаар туслахаар шийдсэн. Би 2016 онд Тайванийн засгийн газрын тэтгэлгээр сурч, Хонгконг, Америкт түр амьдарч байгаад, буцаж ирэн Good foundation forming сургалтын төвөө байгуулсан. Энэ бүхнээс "Анхдагч" төслийн суурь тавигдсан гэж болно.
-Төслийг олон улсын байгууллагуудтай хамтарч хэрэгжүүлж буй юм байна. Энэ талаар тодруулаач?
-Good foundation forming нь сайн суурийг төлөвшүүлнэ гэсэн үг. Би United people global гэх НҮБ-ын харьяа байгууллагын “Дэлхийн тогвортой байдлын удирдагчид” гээд хөтөлбөрт хамрагдсан. Үүнд монголоос анх удаа ороод тэнцсэн гэсэн үг. Энд 6000 хүнээс 500 удирдагч шалгаруулаад, үүнээс 60 хүнийг Америк руу явуулсан. Би явж ирээд хоёр долоо хонож байна. Тэгээд л энэ төслөө эхлүүлэх болсон. Маш олон сайхан хүмүүстэй танилцсан. Эдгээр хүмүүнлэгийн байгууллагууд манайд сайн дураараа тусалъя гээд төсөл хэрэгжүүлэх болсон.
-Анхдагч төсөлд ямар шалгуураар хамрагдах вэ?
-“Анхдагч” гэдэг үг маань гэр бүлээсээ анх удаа их дээд боловсрол эзэмших гэж байна гэсэн үг. Эцэг эх, гэр бүлийн гишүүдээс хэн нь ч боловсрол эзэмшиж байгаагүй тийм хүүхдүүдийг хэлж болно. 16-21 насны хүүхдүүдийг хамруулна. Ингэхдээ голч дүн нь маш өндөр буюу 90-ээс дээш байх ёстой. Үүнээс гадна сурах хүсэл эрмэлзэлтэй байх нь чухал.
-Шалгарсан хүүхдүүдэд ямар боломж бий болох вэ?
-Миний итгэдэг зүйл гэвэл гэр бүлээс нэг хүн боловсролтой болж чадах юм бол өгөөжөө гэр бүл, байгаа газартаа хүртээнэ гэж боддог юм. Сонгогдсон хүүхдүүд, манай өөрсдийн “Алхам” гэх хөтөлбөрийн дагуу долоон хоногт таван удаа Англи хэл үзнэ гэсэн үг. Бид нэг жилийн дараа хүүхдүүдийн Ielts, toefl өгөх шалгалтын мөнгийг нь төлнө. Санхүү маань хүрвэл хүүхэд бүрд lap top авч өгнө. Тэгээд тэтгэлгийн сургууль руу материал явуулах мөнгийг нь төлнө. Мөн нэг жилийн сургалтын төлбөрийг нь даагаад төгсөхөд гадагшаа сургах 100 хувийн тэтгэлэг олж өгнө гэж ойлгож болно.
-Баярлалаа