МУИС-ийн номын сангийн хоёр давхарт “Орлоготой оюутан” цагийн ажилд зуучлах өдөрлөг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөрлөгт 27 ажил олгогч байгууллага оюутнуудад тохирсон цагийн ажлын санал тавьж буй юм.
Оюутнууд хичээлийн хажуугаар зайлшгүй ажил хийхгүй бол хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа талаар болон зарим ажил олгогчид тэдний хөдөлмөрийг үнэлдэггүй талаар хэллээ.
ОЮУТНУУД…
- Оюутнууд хичээлгүй өдрөө, боломжтой цагаараа нэмэлт орлого олно гэдэг их чухал. Өдөрлөг дээр гоё гоё нөхцөлтэй ажил их байна. Байнга гэрээсээ мөнгө авах хэцүү шүү дээ. Дээрээс нь зардал өндөр байгаа. Миний хувьд ямар ч зардал гаргахгүй өдөр гэж байдаг ч байнга ийм байдалтай явах хэцүү. Бид чинь ямар ч орлогогүй сурч байгаа хүмүүс шүү дээ. Зарим ажлын байр, залуу хүүхэд ажиллаж байна гээд тэр хүүхдээрээ л хамаг юмаа хийлгэх гээд байдаг. Хэдий эрч хүчтэй ч гэсэн ядарна. Тэг, ингэ гээд байнга тушаагаад байхаар хэцүү санагддаг. Хандлага нь онцгүй байдаг.
- Бидэнд чөлөөт цаг их гардаг. Хичээлээ хийгээд амжчих л юм бол тухайн оюутан ажил хийх боломжтой. Миний хувьд ажил судлаад, хайгаад явах цаг хомс байдаг учраас энэ өдөрлөгт ирлээ. Өдрийн цалин 35-50 мянган төгрөг байна. Өөрсдөө том болчихлоо. Ар гэртээ хүндрэл учруулахааргүй өөрийгөө болгоод сурчихвал ирээдүйд хэрэгтэй.
- Нэгдүгээр курсийн хичээл гайгүй. Хажуугаар нь цагийн ажил хийж орлого олохыг боддог. Оюутан гэхээр байгууллагууд хөдөлмөрийг нь үнэлдэггүй. Жаахан элэг барих тал байдаг. Цалингаа 50 мянгаар тогтоолоо гэхэд 40 мянгыг л хийсэн байх жишээний. Орлоготой л байхгүй бол оюутны амьдрал жаахан зутруу.
Харин “Орлоготой оюутан” цагийн ажилд зуучлах өдөрлөгийг зохион байгуулж буй МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Чинзориг дараах мэдээллийг өглөө.
МУИС-тай 100 орчим монголын топ ААН байгууллага хамтарч ажилладаг. Эдгээр байгууллагууд руу урьдчилсан байдлаар цагийн ажил зуучлах өдөрлөг болох гэж буй талаар хэлж, оролцох санал тавьдаг. Ингээд боломжтой, цагийн ажилтан шаардлагатай байгаа байгууллагууд ирснээр бид бүртгэл баталгаажуулалтаа хийгээд оюутнууддаа боломж олгож байгаа нь энэ гэлээ.