Иргэн Э.Одбаяр нарт холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ЗХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
"…Иргэн Э.Одбаяр нь 2021 онд Дорнод аймагт болсон ослын талаар сошиал орчинд мэдээлэл түгээхдээ тус ослыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамааралтай хүн үйлдсэн хэмээн хүнд гэмт хэрэгт гүтгэсэн. Уг асуудлаар МАН-ын Хууль эрх зүйн хэлтсээс Цагдаагийн байгууллагад хандаж үнэн мөнийг тогтоолгох хүсэлт гаргасан байдаг.
Уг гомдлын талаар өнөөдөр анхан шатны шүүхээс шийдвэр гарчээ. Уг шийдвэр гарахдаа анх гаргасан гомдол дээр иргэн Э.Одбаяр нарын холбогдох Хорих 461-р ангид хууль бусаар нэвтрэн орсон гэх хэргийг нэмж, хамтад нь шалгаж шүүхийн шийдвэр гаргасан байна. Дээрх тусдаа хоёр хэргийг Прокурорын шатанд нэгтгэж нэг хэрэг болгон шалгаж, улмаар өнөөдөр шүүхийн шийдвэр гарсан нь бидний гайхлыг төрүүлж байгааг хэлэх нь зүйтэй.
Монгол ардын нам NoWar, NoNaadam хөдөлгөөний эсрэг болон хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, жагсах цуглах эрхтэй холбоотой асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хувь хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхийг хүндэтгэх болно. Ардчилсан нийгэмд хүний эрх нь бусдын эрх, нэр хүнд, нийтийн эрх чөлөөгөөр хязгаарлагдах учиртай билээ" гэсэн байна.