Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурлын үеэр Украины ерөнхийлөгч хуран цугларсан дэлхийн удирдагчдад үг хэллээ.
Тэрээр “энх тайван үгүй цагт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй тэмцэнэ гэж байхгүй” хэмээгээд ОХУ-ыг бид зогсоохоос нааш уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх боломжгүйг онцолжээ.
ХУ-Украины хямралын нөлөө дэлхий дахинд, ялангуяа Европт эрчим хүчний хямралыг авчраад байгаа. Олон орон эргээд нүүрсээр цахилгаан эрчим хүчээ сэргээхэд хүргэсэн. Түүнчлэн ОХУ дэлхийн томоохон эрчим хүч нийлүүлэгчдийн нэг тул үүнийгээ Европын орнуудын эсрэг ашигласан гэж В.Зеленский буруутгалаа. Тэрээр хэдий нэр цохоогүй ч "Уур амьсгалын өөрчлөлт нь бодит арга хэмжээ биш зүгээр л үг хэллэг эсвэл маркетинг болж байгаа олон хүмүүс байсаар байна. Тэд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх зорилтуудыг хэрэгжүүлэхэд саад учруулж байгаа” гэжээ. Сүүлийн хоёр өдрийн турш 100 гаруй төр, засгийн тэргүүн, бусад 45,000 төлөөлөгч уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэхээр цугласан Шарм-эль-Шейх дэх дээд хэмжээний уулзалтаас тодорхой үр дүн гарахгүй гэж үзсэн учраас В.Путин ирээгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Эх сурвалж: THE GUARDIAN