
ЭХЭМҮТ олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай болжээ. Өмнө нь тус төв нь 18 төрөх өрөөтэй, өрөө бүрд 2-3 эх зэрэг амарждаг байсан. Тэгвэл эдгээр өрөөнүүдэд иж бүрэн засвар, шинэ зохион байгуулалт хийгдэж олон улсын стандартад нийцсэн VIP болон стандарт төрөх өрөөнүүд бэлэн болжээ.
Үүнд:
– 10 VIP төрөх өрөө. Эдгээр өрөөнд ээжүүд гэр бүлийнхэнтэйгээ байрлах боломжтой. Төрөх үйл явцад ч гэр бүлийнхэн нь хамт байх боломжтой. Өрөө тус бүр 00, душ, амралтын хэсэгтэй. Эдгээр 10 өрөөний хоёр нь усанд төрөх зориулалтаар тоноглогдсон. Яг л олон улсын жишиг стандарт юм.
– 8 стандарт төрөх өрөө. Нэг өрөөнд 2-3 эх амаржих зориулалттай. Бүх өрөө орчин үеийн олон үйлдэлт төрөх ороор тоноглогдсон.
– Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан 1 VIP төрөх өрөө. Тусгай зориулалтын төрөх ор болон ариун цэврийн өрөө, гэр бүлийнхэнд зориулсан хэсэгтэй.
– Төрөх өрөөний дулааны шугамнаас эхлээд сантехник, дохиолол холбоо гээд бүх зүйлийг орчин үеийн техник, технологийн дагуу чанартай хийж гүйцэтгэсэн.
Ийнхүү зургаан сарын хугацаанд үргэлжилсэн засварын ажил дуусч маргааш Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо. Үүний дараа бүх өрөөнд агаарын нян судлалын шинжилгээ хийгдэж, ирэх Лхагва гарагаас буюу 11-р сарын 16-наас ээжүүд үйлчлүүлж эхэлнэ.
Эхний ээлжинд VIP өрөөний төлбөр 60 мянган төгрөг байх тооцоолол гарч байна. Үүнийг хувийн төрөх эмнэлгүүдийн ижил үйлчилгээтэй харьцуулахад 16-20 дахин хямд үнэ юм.
Эх сурвалж: ЭХЭМҮТ