
Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургуулийн сурагчид хийнд хордсон байна. Одоогоор сурагчдыг нэгдсэн эмнэлэгт хүргэж эмчилгээ хийж байна. Мөн шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Эмнэлгийн зүгээс тайлбар өгөхдөө “Одоогоор хүнд хүүхэд алга” гэсэн юм. Харин Дархан-Уул аймгийн засаг даргын орлогч Б.Жавхлан “Эцэг эхчүүд тайван байхыг хүсье. Бид шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна” гэлээ. Сургуулийн цайны газрын ажилтнууд мөн эмнэлэгт ирсэн байна. Тэд цайны газарт газ дэлбэрээгүй. Хортой хий гэнэт гаднаас орж ирсэн хэмээн Дархан-уул аймгийн DBS телевизэд мэдээлэл өгөөд байна. Биеийн байдал нь тогтворжсон хүүхдүүд буцаж эмнэлэгт ирж байгаа учраас эцэг эхчүүд сандралтай байгаа тухай хэллээ.
Энэ талаар мөн ЭМЯ-наас 13 цагт мэдээлэл өглөө. Мэдээлэлд “Нийт 31 хүүхэд, зургаан том хүн эмнэлэгт хэвтүүлээд байна. Хоёр том хүн эрчимтэд хэвтсэн байна. Нэг нь ухаан балартсан ярьж чадахгүй байдалтай, нөгөө нь мөчид татаад байна толгой хүчтэй өвдөөд байна гэсэн байдалтай. 31 хүүхдэд эмчилгээ хийж байна. Бүх хүнд хоолой хорсох, толгой өвдөх зовуурьтай байна” гэлээ.