АНУ-ын завсрын сонгууль өнөөдөр явагдах гэж байна. Ерөнхийлөгчийн дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацааны ид дунд Америкт завсрын сонгууль явагддаг. Тиймээс ч ерөнхийлөгчийн цаашдын бодлого, шийдвэр гаргалттай нягт холбогддог. Энэ жилийн хувьд бүгд найрамдахчуудын эсрэг ардчилсан намын өрсөлдөөн хүчтэй буюу эн тэнцүү байгаа юм. Тодруулбал, ерөнхийлөгч Жо Байдены ялалт байгуулсан таван муж болох Аризона, Жиоржиа, Мичиган, Пенсилванн, Висконсин, мөн Невада мужуудаас энэ удаагийн Америкийн завсрын сонгуулийн үр дүн, хувь заяа шийдэгдэнэ гэж хэвлэлүүд таамаглаж байна. Учир нь сонгуулийн үр дүнгээс Америкт цаашид үр хөндөлтийн асуудал хэрхэн шийдэгдэх, мөн эдийн засгийн бодлого, боловсрол, уур амьсгалын өөрчлөлт зэрэгтэй холбоотой улс эх орны чухал асуудлууд хамаарах юм. Завсрын сонгуулиар АНУ-ын конгрессын дээд, доод танхимын гишүүдийг арп иргэд сонгодог. Тодруулбал, энэ жил төлөөлөгчдийн танхимын 435 суудлын төлөөх өрсөлдөөнөөс гадна сенатын 100 суудлын 35-д нь сонгуулийн санал хураалт явагдах юм. Ерөнхийлөгч Жо Байдены Ардчилсан нам үр хөндөх эрхийг хуульчлах тухай бодлогыг хэрэгжүүлнэ гэдгээрээ олон нийтийн дэмжлэгт нөлөөлөхөөр хичээж байгаа. Мөн оюутнуудын сургалтын зээлийг хөнгөлөх тухай шийдвэр нь санал хураалтад нөлөөлөх боломжтой гэдгийг шинжээчид хэлж байна. Гэхдээ улс эх орны эдийн засаг болоод бусад нөхцөл байдлыг харгалзан ялалт бүгд найрамдахчуудын талд ч ирэх магадлал тун өндөр байгааг хэвлэлүүд онцолсоор байгаа юм.
Эх сурвалж: REUTERS