БНХАУ-ын тэг ковид бодлого иргэдийн залхааж, тэвчээр алдрахад хүргэж байгаа тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Хорионд орсон иргэд сэтгэл санааны дарамтад орж, амиа хорлоход хүрч байна. Гэсэн хэдий ч ард иргэдийн бухимдлыг үл ажран БНХАУ “иргэдийн амь насыг чухалчилсан” гэх "Тэг Ковид" бодлогоо үргэлжлүүлсээр байна.
Өнгөрсөн долоо хоногт уг хөл хорионы чанга дэглэм суларч болзошгүй гэсэн мэдээлэл гарч, улмаар хувцааны үнэ өсөхөд хүргэсэн. Гэвч Бямба гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр Хятадын эрүүл мэндийн албаныхан энэ бодлогыг үргэжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тодруулбал тархалт өвчин хяналтын мэргэжилтэн Ху Шиан "Манай тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах бодлого, стратегийн цуврал арга хэмжээ нь бүрэн зөв бөгөөд хамгийн хэмнэлттэй, үр дүнтэй гэдгийг практик нотоллоо" гэж Хятад улс ойрын хугацаанд Ковидийн эсрэг бодлогоо өөрчлөх эсэхийг асуухад хэлжээ.
Тасралтгүй үргэлжилсээр байгаа энэ бодлого Хятадын эдийн засагт асар том сөрөг нөлөө үзүүлж байна. Түүнчлэн БНХАУ-ын дарга Ши Жиньпин гурав дахь бүрэн эрхээ хэрэгжүүлэх болсноор уг бодлогыг үргэжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Харин энэ чанга бодлогоос болж олон үйл явдал Хятадад өрнөж байгааг олон нийт цахим сүлжээнд онцолж, бухимдлаа илэрхийлсээр байна. Тухайлбал, ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод хөл хорионд орсон барилгын 12 давхраас 55 настай эмэгтэй унаж, нас баржээ. Энэ хотхонд ковид-19-ийн хоёр тохиолдол илэрснээс болж 10-р сарын сүүлээр хөл хорионд орж, барилгын орох хэсгийг өндөр хаалтаар хашсан байна. Түүний охин тусламж хүсэн уйлж байгаа бичлэг Хятадын томоохон платформуудын нэг Weibo дээр хагас тэрбум хүний хандалт авчээ. Түүнчлэн Хятадыг шуугиулаад байгаа дараагийн хэрэг бол гурван настай хүү хийнд хордож, аав нь түүнийг эмнэлэгт хүргэх гэсэн боловч хөл хорионы хатуу дэглэмээс болж хоцорч очсон тохиолдол юм. Энэ мэтчилэн барилгын цонхон дээрээс хашхирах зэрэг бухимдлаа илэрхийлэх тохиолдол ихэссэнийг хэвлэлүүд онцолж байна.
Эх сурвалж: CNN