Монгол солонгосын политехник коллежийн дотуур байранд амьдардаг оюутнууд сургуулийнхаа хоолны асуудлаар мэдээлэл өглөө. Оюутнуудын хоолноос жоом, үс, өт зэрэг гарч ирсэн гэж тэд хэлж байна. Энэ асуудлаар сургуулийн тогооч болон холбогдох мэргэжилтнүүдэд шаардлага тавьдаг боловч, “3000 төгрөгт ийм хоол идэж байгаадаа баярла” гэх зэргээр тайлбарлаж, гомдол саналыг нь хүлээж авдаггүй талаар оюутнууд ярилаа.
Энэ талаар дотуур байранд амьдардаг оюутнууд ярихдаа,
- Ноднин миний хоол идэж байсан аяганаас нэг удаа жоом гарч ирсэн. Ер нь үс, утас, аяга таваг угаагчийн төмөр зэрэг зүйлс байнга гарч ирдэг. Өдөрт 3000 төгрөгийн хоол өгдөг юм шиг байна билээ. “Ийм хоол олдохгүй харин чанартай гоё хоол өгч байгаад баярлаарай” л гэдэг. Өрөөндөө хоол хийж идэхийг хориглодог. Энэ нь бидэнд их хүндрэлтэй байдаг.
- Нэгдүгээр курсийн хүүхдүүдийн хоолноос “үс гарч ирлээ, жоом гарч ирлээ, өт гарч ирлээ” гэдэг зүйл их сонсогдох болсон. Миний хувьд дотуур байранд ороод хоёр жил болж байна. Үс бол үргэлж гарч ирдэг. Өлссөн үедээ нүдээ аниад л иддэг. Бусад үед идэж чадахаа байсан.
- Зарим орой хоолны төмс, ногоо, гоймон нь түүхий байдаг. Заримдаа хоолноос үс гарч ирдэг. Энэ нь их муухай санагддаг. Бид нар “за яах вэ” гээд л хаячихдаг юм. Гэсэн ч их онцгүй мэдрэмж төрдөг дөө.
ХООЛНООС ЯГ Ч ЖООМ ГАРААГҮЙ
Бид энэ асуудлаар сургуулийн тогооч Б.Энхтуяагаас тайлбар авахад “ийм зүйл байхгүй. Оюутнууд зохиомол зүйл хийж, худал ярьж байна” гэсэн тайлбар өгсөн юм.
Тэрбээр, Хүүхдүүдэд өдөрт дөрвөн хоол өгдөг. Жоомны тухайд бол яг жоом байгаагүй. Хүүхдүүд намраас хойш л ийм асуудал ярьж орж ирэх болсон. Аль болох чанар стандартын дагуу хийж байгаа. Хүүхдүүд өөрсдөө хоолондоо элдэв зүйл хийж байгаа. Энэ нь хоолны 90 мянган төгрөгөө өөрсдөө авахыг хүсэж буйн илрэл. Манайх жоомгүй гэлээ.
Мөн бид сургуулийн удирдлагуудаас энэ асуудалтай холбогдуулан тайлбар авах гэсэн боловч нэг нэг рүүгээ нялзааж, “энэ асуудлыг мэдэхгүй, мэддэг хүнтэй холбогд” гэсээр бидэнд тайлбар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Сургалтын менежерийн тухайд, энэ асуудалд ажлын хэсэн гаргасан. Судалж байгаа. Үр дүнгийн талаар эргэн мэдээлэл өгнө гэж байв.
Бидэнд ярилцлага өгөхөөс татгалзаж байсан Дотоод чанарын баталгаажилт, статистик хариуцсан мэргэжилтэн Г.Болормаа 30 минутын дараа бидэн рүү залгаж дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр ярихдаа, энэ хоолны асуудлаар сургуулийн удирдлагад гомдол, өргөдөл ирсэн. Өргөдөлд 184 хүүхдийн гарын үсэг байсан боловч эдгээр хүүхдүүд юунд гарын үсгээ зурж байгаагаа мэдээгүй юм билээ. Нэр бүхий хүмүүсийн явуулга гэж ойлгож болно. Манай сургуулийн захирал хараахан томилогдоогүй байгаа. Үүнтэй холбоотой ийм асуудлыг гаргасан гэж үзэж байна гэв.