Монгол Улсын улс төрийн орчныг цэвэр тунгалаг байлгах, нийгэмд тулгараад байгаа асуудлуудыг оновчтой шийдвэрлэж, тэгш оролцоотой, шударга ёсыг эрхэмлэсэн хүмүүнлэг ардчилсан, тэнцвэртэй нийгмийг цогцлоон байгуулах үйлсэд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо онцгой чухал ач холбогдолтой гэж ХҮН нам үздэг.
УИХ-д суудалтай, Нийслэл, дүүрэгт бүлэгтэй, Баруун төвийн дэвшилтэд үзэлтэй улс төрийн намын хувьд ХҮН нам улс төрийн манлайлал үзүүлж бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэй манлайлагчдыг бэлтгэх, шинэ соёлыг төлөвшүүлэх, эмэгтэйчүүдэд ээлтэй улс төрийн орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд “ХҮН 50:50” бодлогоо танилцуулж, хэлэлцүүллээ.
ХҮН нам хоосон амлаж, нийтэд таалагдсан популист улс төр хийдэггүй, харин зарчимдаа хатуу байж илүү судалгаанд үндэслэсэн шийдэл, хэрэгжихүйц бодлогыг иргэддээ санал болгож, үр дүнд хүртлээ тууштай ажилладаг улс төрийн институцийн хувьд сонгуулийн тогтолцоог авлига, мөнгөнөөс хамаарал багатай болгон шинэчлэх, эмэгтэй манлайлагчдад ээлтэй, санал гээгддэггүй шударга сонгуулийн системийг нэвтрүүлэх, сонгуулийн хууль, журам, улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхэд анхаарч ажиллах нь нэн тулгамдсан зорилго юм.
ХҮН намын “50:50 Эмэгтэйчүүд чадна чуулга уулзалт” –нд танхим болон цахимаар нийт 200 гаруй оролцогчид оролцож, лайв болон бусад телевизээр мэдээлэл шууд цацагдлаа. Чуулганд ХҮН намын удирдлагууд, гишүүд, дэмжигчдээс гадна гаднын зочид төлөөлөгчид мөн оролцжээ. Чуулганы үеэр намын удирдах түвшний эмэгтэйчүүд өөрсдийн улс төрд орсон түүхээс хуваалцсаны зэрэгцээ улс төрд эмэгтэй бизнес эрхлэгчид, улс төрд эмч, багш нар, улс төрд эмэгтэйчүүд чадна гэсэн гурван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан нь эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцоо, төлөөлөл дутмаг байгааг нотолсон, асуудал, шийдэл дэвшүүлсэн халуун яриа боллоо.
Энэхүү эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ КОЙКА ОУБ, НҮБХХ-ийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төсөлтэй хамтран ажиллаж буйдаа талархалтай байна.
ХҮН нам эмэгтэйчүүдэд ээлтэй, бидэнтэй нэгдээрэй. Улс төрийн зөв соёлыг хамтдаа бүтээе. Хүндээ ээлтэй, тэгш боломжтой, эрүүл сайхан нийгмийг байгуулцгаая!
Эх сурвалж: ХҮН нам