Монголын волейболчин Тамираагийн Хангал Тайландын дээд лигийн “Nakhon Ratchasima” клубт тоглохоор гэрээ байгуулж, тус улсыг зорилоо. Тэрбээр улсынхаа анхны эрэгтэй волейболчдоос гадаадын лигт анх удаа тоглохоор болсон нь энэ.
Манай тамирчдын амжилт, ур чадвар гадныхны анхаарлыг татаж, хараанд нь өртдөг, үнэлэгддэг болсны илрэл нь энэ.
Монголоос анхдагч болсон Т.Хангал гэж хэн бэ?
-Т.Хангал гурван үеийн удамт волейболчин. Түүний өвөө нь волейболын нэрт дасгалжуулагч, гавьяат багш Д.Ренчин, аав нь Монголын урдаа барьдаг тамирчдын нэг байсан, дээд лигийн аварга “Натур мед ноён” клубийн дасгалжуулагч Р.Тамир. Түүний ээж Д.Наранцэцэг мөн волейболчин, спортын мастер цолтой.
–Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар сургуулийг төгссөн. Гуравдугаар ангиасаа волейболын спортоор хичээллэсэн, анхны багш нь спортын мастер Р.Баттулга. Б.Хангал багаасаа эл спортод багаасаа шимтэн дурлахад өвөө, аав нь их нөлөөлсөн.
-20 настай, 192 см өндөр. Бусад тоглогчоос урт мөчтэй,үсрэлт сайтай, солгой гартай нь түүний давуу тал.
-Клубийн түвшинд 2020 оноос хойш тоглож байгаа.
-Үндэсний дээд лиг, насанд хүрэгчдийн болон идэрчүүдийн улсын аваргын шилдэг тоглогч.
-Аавынхаа удирдлагад “Натур мед ноён” клубт тоглодог түүний онцлог.
-Өнгөрсөн жил “Натур мед ноён” клубийнхнийхээ хамт дээд лигийн аварга болохдоо үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан.
-Тэрбээр дээд лигийн нэг тоглолтод 38 оноо авсан нь хувийн дээд амжилт.
-Б.Хангал МУИС-ийн сэтгэл зүйн ангид сурдаг. Спортын сэтгэл зүйчээр ажиллах хүсэлтэй.
-Оросын “Зенит” багт тоглохыг хүсдэг.
-Б.Хангал энэ жил шигшээ багийнхныхаа хамт “Challenge cup”-т оролцсон. Тэмцээний дараа хоёр улсаас легионер тамирчнаа болгох санал тавьсан. Улмаар Тайландын лигт тоглохоор шийджээ.
Тайландын лигийн 2022-2023 оны улирал энэ сарын 18-нд эхэлнэ. Монголоос анхдагч болсон Т.Хангалд амжилт хүсье.