Кени улсад сүүлийн хэдэн арван жилд тохиолдож байгаагүй ган гачиг болж олон зуун заан, тахь, зэрлэг амьтад үрэгджээ.
Тодруулбал, “Кенийн Зэрлэг байгаль хамгаалах албаны байгаль хамгаалагчид, скаутууд болон судалгааны багууд өнгөрсөн есөн сарын хугацаанд нийт 205 заан, 512 зэрлэг ан амьтан, 381 энгийн тахь, 51 одос, 12 анааш үрэгдсэнийг тооцооллоо” гэж тус улсын Аялал жуулчлалын яамнаас мэдээлсэн. Ган гачиг нь өвсөн тэжээлт амьтад, ялангуяа зэрлэг ан амьтан, тахь зэрэг амьтдад хамгийн сөргөөр нөлөөлсөн байна.
Үүнээс гадна Африкт сүүлийн дөрвөн улирал дарааллан үргэлжилсэн ган гачиг нь Сомали, Этиоп, Кени улсад 18 сая орчим хүн хүнсний хомсдолд нэрвэгдэхэд хүргэснийг Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тайланд мөн дурьдсан юм. Харин Дэлхийн цаг уурын байгууллага тус бүс нутагт сүүлийн 40 жилийн хамгийн урт ган гачиг боллоо гэж мэдэгдсэн. Кени улсын аялал жуулчлалын яамны мэдээлснээр “Улирал бүр дунджаас бага бороо орсны улмаас гол ширгэж, бэлчээр устаж байгаа”-г сэрэмжлүүлжээ.
Эх сурвалж: CNN