Монгол төр орон гаран хүмүүсийн орогнох газар болоод удлаа. Эрх баригчид өчигдөр ярьснаа өнөөдөр мартаж, сонгуулиар амласнаа солиорол дундаа гээчихлээ. Хариуцлагагүй харалган бодлоготой, урагшаа нэг алхаад, арагшаа хоёр гишгэдэг УИХ, Засгийн газрын газрын гишүүд түмний нүдэн дээр шившгээ тарьж байна. Тэдний “согтуу” бодлогыг сөрөх хүн саарал ордон дотор лав л алга.
Уг нь УИХ-д чамлахааргүй суудалтай Ардчилсан намынхан МАН-ынхны мунхаг бодлогыг “хазаарлаж”, сөрж зогсох үүрэгтэй. Гэтэл тэд мөн л арчаагаа алдаж, дотоод хэрүүл уруулдаа живж, бүлгийн даргын өрөөгөө булаацалдахаас өөрийг хийж чадахгүй л сууна. Монголчуудын олонх нь биш ч, цөөн хэсэг нь хэтэрхий их хайрлаж, шагшин магтаж, УИХ-д суудалтай болгож өгсөн ХҮН намынхан ч өнөөдөр МАН-ын охин нам болтлоо зүсээ хувиргаж, ах нарынхаа даалгавраар л хөдөлдөг боллоо. “МАНАН бүлэглэл Монголыг залгих нь ээ гэж орилдог экс Ерөнхийлөгч Энхбаяр хүртэл эрх баригчдын гар хөл болж, гутамшигт замаар замнаж байна.
Өнөөдөр “Цахим орчинд үгээ хэлсэн хүнийг ч шоронд чинь хатаагаад өгье. Эрүүгийн хэрэгтэн болгоод өгье” гэж айлгаж суудаг цаг ирчихлээ. Товчхондоо, эрх баригчид Ардчилсан нам, ХҮН нам хоёрыгоо хоёр сугандаа хавчуулчхаад “Биднийг сөрж тэрсэх хүн алга. Одоо дураараа болно. Яасан ч яадаг юм бэ” гээд согтуу хүн шиг дарвиж байна. “Эрх мэдэлтнүүд хулгай хийж, худал хэлсэн ч болно” гээд дотроо бардчихсан улсаа “самарч” байна. Дарга сэтэртнүүд нь хэмжээгүй эрхэт хаан шиг аашилдаг, тэгш эрхийн тухай огтхон ч ойлголтгүй учраас л Монгол залуус Монголоос л зайлах хэмээн бухимдаж, хатуухан хэлэхэд “дүрвэж байна”. Хөлд, хэлд ч ороогүй хүүхдээ үлдээгээд амь тэмцэж, харь улсыг зорьж байна. Ажилгүйдэл ядуурал, авлига хээл хахууль, энэ бүхэн ерөөсөө л эрх баригчид нь эрх баригчид шиг, сөрөг хүчин нь сөрөг хүчин шиг байж чаддаггүйтэй л холбоотой гэхэд буруудахгүй. Ингэхэд Хүрэлсүхэд, Занданшатарт, Оюун-Эрдэнэд улсаа хорлох, иргэдийнхээ итгэл рүү хутга зоох эрхийг хэн өгсөн юм бэ
ҮҮРГЭЭ Ч ОЙЛГООГҮЙ ЕРӨНХИЙ САЙД ТӨСВӨӨР “НААДАЖ” БАЙНА
Туурга тусгаар Монгол улсын Ерөнхий сайд нь одоог хүртэл улс удирдаж яваа гэдгээ ойлгоогүй л байна. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гишүүн болсон цагаасаа хойш л төсвийн мөнгийг хайр найргүй цацаж, зөвхөн төрсөн нутагтаа л хэт өндөр төсөв хуваарилж авчихаад сууж байна. Аргаа барсан олон нийт данхан толгойтоос юу ч хүлээгээд нэмэргүй юм байна хэмээн үгээ хэлж байна. Ажлаа хийж чадаж байгаа юм уу гэж асуухаар “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050” гэх мэтчилэн 30 жилийн дараа биелэх үлгэр ярьж, иргэдийнхээ амыг таглахыг оролддог боллоо. Хаа сайгүй хурал цуглаан хийж, төсөв зарлагадаж суух хооронд нь монгол улс ядууралдаа живж, гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарсан хэвээрээ л байна.
Монголд бугшсан олон асуудлын шалтгаан бол Оюун-Эрдэнэ гэдгийг дахиад нэг хэлье. Алдаа завхралынх нь цөөн хэдээс нь дурдъя.
- Л.Оюун-эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа буюу 2020 онд Андлалын өргөөний цогцолбор бариулж эхэлсэн. Улмаар олон нийтийн шүүмжлэл өрнөж эхлэхэд уурласандаа буцаагаад нурааж орхисон. Ингэснээр хоёрын хоёр тэрбум төгрөг салхинд хийссэн юм. Хөшөө дурсгал барихын донтой юм шиг аашилдаг, төсвийн мөнгийг гарынхаа салаагаар урсгаж, дураараа дургиж болдог гэх бодлоосоо тэр өнөөдөр ч салаагүй, яг л энэ л янзаараа ажиллаж байна. Ийм зарчимгүй байдлын гор эхнээсээ гарч, Засгийн газрын 2021 оны санхүүгийн тайлангаас 10,5 их наяд төгрөгийн зөрчил илэрчихээд байна.
- Өнөөдөр Монгол төрийн албан тушаал бүрийг зах дээр зардаг бараа шиг болгосон буруутан бол Л.Оюун-Эрдэнэ. Эрх мэдлийн төлөө Үндсэн хуулиа ч дур зоргоороо өөрчилж, сэглэж орхилоо. Тэд ингэснээрээ шударга ёс гэдэг үгнээс дэндүү холдож, вакумжиж байгаа гэдгээ л харууллаа. Одоогоос гуравхан жилийн өмнө МАН-ын гишүүд ЖДҮХС-аас эрх мэдлээ ашиглан зээл авч, олны шүүмжлэл дагуулж байлаа. Зээл авсан этгээдүүд улстөрийн, хуулийн, ёсзүйн хариуцлага хүлээ хэмээн олон нийт шаардсан ч тэд ердөө зээлээ төлөөд л өнгөрсөн. Бүр болоогүй бусдын боломжийг хулгайлсан хулгайчдаа өнөөдөр сайдын суудалд суулгаж ард түмнээ доромжилж байна. Жишээлбэл, ЖДҮХС-аас 950 сая төгрөгийн зээл авч байсан Х.Болорчулуун өнөөдөр бүр Хөдөө аж ахуйн сайд болтлоо дэвшлээ. Энэ мэтээр тоочвол Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн ерөөсөө хулгайдчаа хамгаалагч, орогнуулагч болж хувирлаа. Хүрээний булайг тоочвол далай л гэсэн үг гэх киноны хэллэг Л.Оюун-Эрдэнэд, түүний Засгийн газарт өнөөдөр яг л тохирно.
Хүн чанарт суралцаж, өлсгөлөн зангаа дарж чадаагүй л бол мянга Харвард төгсөөд ч нэмэр байхгүй гэдгийг бид хоосон цээжээ дэлдэгч Оюун-Эрдэнээс хангалттай харлаа. Хамгийн гол нь “Би хаан болчихлоо. Надад зөвхөн алгаа таш” гээд даам гардаг түүнд алдаагаа засах боломж олгоод ч нэмэр алга гэдгийг бид нийтээрээ мэдэрлээ. Өнгөрсөн хавар төв талбайд Монголчууд олноороо цуглаж, “Ажлаа хий” гэж шаардсан. Гэвч одоог болтол магтаалд мансууруулсан Л.Оюун-Эрдэнэ энэ байна гээд заачихаар нэг ч ажил санаачлаагүй л байна. Сөрөг хүчний хоёр нам нь биеэ үнэлэгч болчихсон өнөөдрийн нөхцөлд ард түмэн, хэвлэл мэдээлэл нь хамгийн том сөрөг хүчин байх учиртай юм.
Өрөг.мн сайт “СӨРӨГ ХҮЧИН” тоймын эхний дугаараа хүргэлээ. Согтуу төрийн алдаатай бодлогыг сануулж, засахыг шаардаж, хуудуутай шийдвэрүүдийг нь бид сөрж зогсох болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.