УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр өргөн барьсан. Уг хуулийн төсөлд, улс төрд нөлөө бүхий иргэн өөрөө болон өөрийн хамаарал бүхий компаниараа төрөөс баталгаа гаргасан аливаа төсөл хөтөлбөр, зээл авахыг хориглохоор тусгасан.
Өнөөдрийн байдлаар төрийн 4206 байгууллагад нийт 208 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс ердөө 117 байгууллагын 40 мянган ажилтан Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнадаг. Хуулийн төсөлд зөвхөн улс төрд нөлөө бүхий эдгээр 40 мянган албан тушаалтныг хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх заалт оруулсан. Гэвч эрх баригчид нийт 208 мянган төрийн албан хаагчдын зээлийг хаах гэж байгаа мэтээр сөрөг ойлголт нийгэмд тарааж эхэллээ. Тиймээс хуулийн төслөө өчигдөр татан авч буйгаа мэдэгдлээ. Хуулийн төслөө татан авсан хэдий ч улс төрд нөлөө бүхий хүмүүс, жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлдаг байдлыг хуулиар зохицуулах ёстой гэсэн байр сууриндаа хэвээр байгаа бөгөөд дахин боловсруулж өргөн барих аж.
ХАЛЗАН БҮРГЭДЭЙН ОРДЫН АСУУДЛААР АСУУЛГА ТАВИВ
Түүнчлэн, УИХ-ын Ш.Адьшаа, Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь газрын ховор элементийн Халзанбүрэгтэйн орд газрын талаар Засгийн газарт асуулга тавилаа. Тус орд нь цери, лантан, циркони зэрэг газрын ховор элементүүд бүхий таван сая тонн хүдрийн агууламжтай гэсэн мэдээлэл байдаг. Гэсэн атлаа Халзанбүрэгтэй ордын үйл ажиллагаа ил тод бус.
Тиймээс Үндсэн хуулийн 6.2-т заасан Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэсэн заалт болон иргэдийн мэдэх эрхийг хангах зорилгоор Засгийн газарт асуулга тавьжээ. Тус орд газарт “Монголын зэс” корпораци буюу Эрдэнэтийн 49 хувийг худалдан авч байсан улстөрчдийн гар хөл болсон Ц.Пүрэвтүвшин гэгч лиценз эзэмшиж байгаа. Энэ хүн газар нутгийнхаа экологийн байдал, цацраг идэвхт бодис агуулса хүдрийн олборолтын улмаас үүсэж болзошгүй эрсдлийн талаар үзэл бодлоо илэрхийлсэн орон нутгийн иргэд болон шударга ёсны төлөө дуугарсан сэтгүүлчдийг хууль хүчний байгууллагад захиалга өгч хүч түрэн шийдүүлэх түрэмгий үйлдэл гаргасаар байна. Нутгийн иргэдийг мөрдөн шалгуулж байгаат ухай, орон нутгийн цагдаа хууль хяналтын байгууллага иргэдийг байцаах, торгох шийтгэх, иргэдийн хууль ёсны эрхийг хязгаарлах үйлдэл гаргаж иргэдийн эрх, эрх чөлөөг боомилсон аливаа асуудлыг тэнд оршин сууж байгаа иргэдийн төлөөлөл, УИХ-ын гишүүний хувьд хэрхэвч зөвшөөрөхгүй гэдгээ тэрээр мэдэгдлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.