БНСУ-руу олон удаагийн виз авах нөхцөлд өөрчлөлт орсон байна. Тодруулбал, сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, нэг жилээс дээш хугацаагаар ажилласан байх гэсэн шаардлагыг хүчингүй болгожээ.
Мөн Элчин сайдын яамны мэдэгдэлд БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор дөрөв ба түүнээс дээш удаа виз авч зорчсон иргэн байх гэсэн үндсэн заалтыг хүчингүй болгосон байна.
Харин үүний оронд 15 зүйл, заалт оруулсан байна. Үүнээс онцлох нь:
- 10 мянган доллароос дээш зээлийн эрхтэй, олон улсад ашигладаг кредит карт эзэмшдэг. Сүүлийн гурван сарын турш сарын дундаж хэрэглээ нь хоёр мянган доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч
- Элчин сайдын яамтай холбогдох нөхцөлийг хангаж байгаа эмч, өмгөөлөгч, их сургуулийн багш зэрэг мэргэжлийн боловсон хүчин
- ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж буй сэтгүүлч, найруулагч, редактор зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж байгаа иргэн
- Нэг жилийн турш төлсөн татварын хэмжээ нь 500 сая төгрөгөөс дээш байх эсвэл топ 100 аж ахуйн нэгжид хэлтсийн дарга болон түүнээс дээш албан тушаалд нэг жилээс дээш хугацаагаар ажиллаж буй иргэн
- БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн /үүнд коллеж хамаарахгүй/
- Сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сарын үндсэн цалин нь нийслэлийн ажиллагсдын сарын дундаж цалин /2020 оны нэгдүгээр сарын байдлаар 1.25 сая төгрөг/-аас хоёр дахин их.
- ЭСЯ-ны холбогдох нөхцөлийг хангаж байгаа иргэн 500 сая төгрөгөөс дээш үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн хөрөнгө /бэлэн мөнгө/ зэрэг хувийн хөрөнгө эзэмшиж буй иргэн зэрэг өөрчлөлт гарчээ.
Монгол улсын иргэд БНСУ-руу арав гаруй визний ангиллаар явах боломжтой. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж хүч гаргадаг нь зөвхөн хөдөлмөр халамж үйлчилгээний газар байдаг. Үүний дагуу E9 буюу ажиллах визний ангилалд өөрчлөлт гараагүй байна.