Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өчигдөр буюу энэ сарын 3-нд хуралдаж, өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын өмгөөлөх эрхийг хаслаа. Ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр тэдний өмгөөлөх эрхийг хассан гэнэ.
Г.Баасан Монголын өмгөөлөгчдийн холбооны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдол гаргах бодолтой яваа гэнэ. Түүнээс энэ талаар тодруулахад “А.Батдорж бид хоёр иргэн Ч.Мөнхбаярын хэрэг дээр шударгаар ажиллаж байгаа нь зарим хүнд таалагдаагүй бололтой. Бид хоёрыг шахан хавчих гэсэн явуургүй арга. Уг нь Монголын өмгөөлөгчдийн холбоо бидний эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллага. Гэтэл эсрэгээрээ ийм шийдвэр гарган, шахан хавчиж буйг нь гайхаж байна. Би энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдол гаргана” гэв.
Сонирхуулахад, Г.Баасан өмгөөлөгчөөр зургаа дахь жилдээ ажиллаж байгаа. Тэрбээр А.Батдоржийн хамт 2022 оны дөрөвдүгээр сараас хойш Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм.