“Амраг хосуудыг хагацуулж, алаг үрсийг өнчрүүлж, айл гэрийг нулимсан далайд живүүлсэн аюулт хэлмэгдлийн хядлага эхлэхээс хоёр жилийн өмнө, хөхөгчин гахай жилийн зуны тэргүүн сарын тэр нэгэн бүрхэг өдөр сэтгэлд минь тов тодхон байна. Би тэгэхэд дөнгөж 17 настай байлаа…
Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хагацашгүй" роман ингэж эхэлдэг. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед үйл явдал нь өрнөх тус романд монгол бүсгүйн үнэнч хайрын тухай өгүүлж, бодит хүний намтраас сэдэвлэн бичсэнээрээ онцлог. Гол баатар Сүнжидмаагийн дурсамжаар “Хагацашгүй” роман эхэлж байгаа нь энэ.
Энэ жил Гавьяат цолоор энгэрээ мялаасан Б.Шүүдэрцэцэг “Хагацашгүй” романыхаа сонсдог хувилбарыг өчигдөр нээлээ.
Энэ үеэр түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Сонсох хувилбараар гаргаж буй хэд хэд ном тань “Хагацашгүй” билээ?
-Тав дахь нь. “Хагацашгүй” романаа сонсдог хувилбараар гарган, нээлтийг нь “Чингис хаан” музейд нээж буйдаа баяртай байна.
-Та өмнөх номуудынхаа сонсох хувилбарыг ингэж албан ёсоор нээж байгаагүй. “Хагацашгүй”-г онцлоод нээсэн нь сонирхол татлаа.
-Тийм ээ, Өмнөх номуудаа сонсдог хувилбараар гаргахдаа ингэж нээж байгаагүй. Сонсох хувилбараар бэлэн болчихлоо, Mpus-д тавигдлаа л гэдэг байсан. “Хагацашгүй” 2018 онд хэвлэгдсэн даруйдаа бестселлер болж, 3000 хувь хэвлэгдээд дорхноо борлуулагдаж байсан роман. Би “Хагацашгүй”-г ном болгохдоо нээлт хийгээгүй. “Шоовдор хүүхэд шиг үлдээчихлээ” гэж бодож байв.
Өнөөдөр цаг үеэ дагаад номны сонсох хувилбар хүч түрэн орж ирж байна. Автомашинаар хол явахдаа, хотын түгжрээнд сонсох боломжтой. Хаана ч сонсох боломжтой, цаг зав хэмнэхээрээ давуу талтай. Тиймээс ном сонсох соёлыг дэлгэрүүлье гэж бодлоо.
Хэлмэгдүүлэлтэд өртсөн, амиа алдсан олон мянган хүнд зориулсан сэтгэлийн өргөл маань “Хагацашгүй” роман.
-Mpus-аас хэдэн төгрөгөөр аваад, сонсох боломжтой вэ?
-20.000 төгрөг. “Хагацашгүй” романы сонсдог хувилбарын нээлтийн хямдрал зарлаад, 15.000 болгочихсон байгаа.
-Сүнжидмаа бодит хүний дүр. Энэ хүний талаар та хаана анх сонсож, хэр хугацаанд судалсан бэ?
-Би 1990 онд Эрхүү хотод сэтгүүлчээр сурч байв. Тэнд Элина гэдэг нэртэй оюутан байлаа. Би очоод удаагүй, орос хэлээр тийм ч сайн ярьж сураагүй байсан үе. Нэг өдөр уулзаад асуух нь ээ “Эмээ минь монгол хүн” гэв. Тухайн үед би 18 настай, зохиолч болно гэж зүүдэлж ч байгаагүй. “Танай өвөө орос юм уу” гэж асуухад “Тийм ээ. Манай эмээгийн монгол нөхрийг нь баривчлаад, Орост авчирсан. Эмээ нөхрөө хайж, Монголоос Орост ирээд буцаж чадаагүй. Нөхрөө ч олж чадаагүй. Тэгээд манай өвөөтэй суугаад, аав минь мэндэлсэн” гэж ярив.
Тэр талаар мартахгүй явж байгаад, өгүүллэг бичсэн. Одоогоос 10-аад жилийн өмнө. Надад жул санагдсан. Тийм гоё түүхээр бүр ч даацтай бүтээл хийе гэж бодож явсаар, “Хагацашгүй”-г бичсэн юм.
“Хагацашгүй”-д цөөнгүй бодит хүний дүр гардаг. 12 хүүгээ алдсан Сүрэн эмгэн бодит дүр, манай хадмын талын хүн.
-“Хагацашгүй”-гээр кино хийх төлөвлөгөө бий юү?
-Байгаа. Кино болгох гээд эхний төслийг нь боловсруулж байна. Монголын нэг том найруулагчтай хамтарна.
-Зураг авалт нь хэзээ эхлэх вэ?
-Яг тэдэнд эхлүүлнэ гээд хэлэхэд хэцүү. Маш их мөнгө орно. Дөнгөж төсвийг нь босгох шатандаа явж байна. Мөнгөтэй болчихвол зураг авалтаа хэзээ ч эхлүүлж болно. Төсөв нь Монголын зах зээлд томдохуйц төсөл байхгүй юу.