ОХУ-ын Улаан-Үдэ хотод болсон шайбтай хоккейн өсвөр үеийн цомын аварга шалгаруулах “Алтан далайн хав” тэмцээнд Монголоос ганцаараа оролцсон “Бамбарууш” баг түрүүллээ. “Мэргэн хоккейн академи”-ийн тус баг 12 насны ангилалд өрсөлдөөд анхдагч амжилтын эзэд болжээ. Учир нь Монголын баг тус тэмцээнд анх удаа түрүүлж байгаа нь энэ. “Бамбарууш”-ын хоккейчид нийт таван багтай тоглосноос дөрөв хожин, нэг тэнцсэнээр алтан медалийн болзол хангажээ.
Гэхдээ энэ тэмцээний үеэр түрүүгээ алдахгүй гэж хичээсэн оросууд спортын бус үйлдэл гаргажээ. Энэ талаар А.Мэргэн дасгалжуулагчаас тодрууллаа.
-“Алтан далайн хав” тэмцээнд түрүүлэхэд Оросын багууд нэлээд шахаж, хавчсан, спортын бус үйлдэл гаргасан гэж дууллаа. Үнэн үү?
-Үнэн. Энэ тэмцээнд Монголоос өмнө нь баг ерөөсөө хожиж байгаагүй. Олон гоолын зөрүүтэй хожигддог байсан. Энэ удаа манай багийнхан түрүүлсэнд оросууд шоконд орсон. Шүүгч нар нь булхайтай шүүж хожих гэж оролдлоо. Олон зүйлээр биднийг хавчлаа. Монголоос ганцхан баг оролцоод аварга болчихно гэж зүүдлээ ч үгүй байх. Зарим баг нь 12-оос дээш настай, том хүүхэд тоглуулсан. Манай багийн хүүхдүүд биеэр жижиг ч хурд, ур чадвар, техникээр илүүрхлээ. Тэмцээн болсон ордон даяар “Россия” гэж дэмжсэн, тийм хүнд нөхцөлд тоглолоо.
“Бид хоккейн орон байж Монголын багт хожигдлоо. Ичиж байна” гэсэн. Биднийг түрүүлсний дараа Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлэхгүй гэж эсэргүүцсэн.
-Аваргын цомоо танай багт гардуулж өгсөн үү?
Аваргын цомоо нуугаад, бидэнд өгөөгүй. Сүүлд нь биднээс уучлалт гуйсан. Энэ тэмцээнд оролцоход тусалж, дэмжсэн “Мобиком”, “Монгол базалт”, “Хас банк”-ны хамт олонд баярлалаа.
-Нэмж тодруулахад, Монгол Улсад 18 хүртэлх насны ангиллын ДАШТ-ийг зохион байгуулахаар болсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-18 хүртэлх насны ангиллын дэлхийн аваргын дөрөвдүгээр дивизионы тэмцээнийг Монгол Улсад 2023 онд зохион байгуулах эрх авлаа. Тэмцээн хоёрдугаар 26-наас гуравдугаар сарын 5-нд болно. Есөн орны 198 тамирчин, албаны 400 гаруй хүн манай улсад ирэх төлөвлөгөөтэй байгаа.