УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн албан хаагчдад “Олон нийтийн санаа бодлын судалгааны танилцуулга, дүн шинжилгээ”-г танилцууллаа.
Энэхүү судалгааг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Асуулга судалгааны төвийг төлөөлөн Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)-гээс гүйцэтгэжээ.
2021 оны гуравдугаар сарын 11-дөрөвдүгээр сарын 20-ны өдрүүдэд IRIM-ийн дуудлагын төвөөс компьютерийн тусламжтайгаар утсаар хийх ярилцлага (CATI)-ын аргаар судалгааны мэдээллийг цуглуулсан байна.
Санал асуулгад Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны нийт 2,520 иргэнийг түүврийн аргаар сонгон хамруулжээ.
Судалгааг:
- Монгол улсад тулгамдаж буй асуудлуудын талаарх санал бодол
- Сонгууль-тогтолцоо
- Улс төрийн нам, Засгийн газар болон институцүүд
- Тэгш хамралт ба иргэний оролцоо
- Үнэт зүйлс, үзэл баримтлал ба эрх чөлөө
- Авлига
- Мэдээллийн эх сурвалж
- Хүн ам зүйн мэдээлэл гэсэн ерөхний сэдвүүдийн хүрээнд асуулт бэлтгэн авсан байна.
Тухайлбал, өнөөдөр манай улсад тулгамдаж буй хамгийн чухал асуудал юу вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 35 хувь нь эрүүл мэндийн асуудал гэж хариулжээ. Мөн ажилгүйдэл, эдийн засаг, улс төржилт, ядуурал, авлига зэрэг асуудлуудыг хэлсэн байна.
Мөн судалгаанд оролцогчдын 20 хувь нь би өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хүндрэлтэй байгаа бөгөөд хамгийн наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гэсэн бол 54 хувь нь амь зуухад асуудал тулгардаггүй ч нэмэлт зүйлс авах хангалттай мөнгө байхгүй гэж хариулжээ.
судалгааны дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.