Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг Монгол орны зүүн хязгаар Дорнод аймагт албан ёсоор эхлүүлж, "Хүнсний хувьсгал" зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай илтгэл танилцуулав. Дотоодын үйлдвэрлэлээр хүнсний хэрэгцээгээ бүрэн хангах зорилтын хүрээнд:
- Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал, хангамжтай уядуулж үе шаттай нэмэгдүүлэх,
- Малыг эрүүлжүүлж, олон улсын чанар стандартад нийцсэн мах экспортлох "Мал эмнэлгийн хорио цээрийн дэглэм бүхий эрүүл бүс" байгуулах,
- Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эрчимжүүлэх гэсэн үндсэн зорилтууд дэвшүүлэн ажил хэрэг болгохоор салбар яамнаас шуурхайлан ажиллаж байна.
ДОРНОД АЙМАГ МАХ, ГУРИЛЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР 100 ХУВЬ ХАНГАДАГ
Дорнод аймгийн дотоодын үйлдвэрлэлийн хангамжийг харвал:
- Мах, гурилын хэрэгцээг 100 хувь
- Сүүний хэрэгцээг 73.5 хувь,
- Төмсний хэрэгцээг 66.8 хувь,
- Цагаан идээний хэрэгцээг 49.3 хувь
- Гурилан бүтээгдэхүүний хэрэгцээг 28.8 хувь,
- Хүнсний ногооны хэрэгцээг 26.7 хувь,
- Өндөгний хэрэгцээг 21.5 хувь,
- Жимс, жимсгэнийн хэрэгцээг 0.1 хувь хангаж байна.
"ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ" ХӨДӨЛГӨӨН ИРГЭДЭД ИТГЭЛ НАЙДВАР ӨГЧ БАЙНА
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн: "Төрийн тэргүүн, УИХ, Засгийн газраас "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг өрнүүлж байгаа нь иргэдэд маш их итгэл найдвар өгч байна. Учир нь сүүлийн жилүүдэд газар тариалан, хувийн аж ахуй эрхлэх, хүнсний ногоо тариалах иргэдийн хүсэл сонирхол эрс нэмэгдэж байна. Энэ бол бидэнд хамгийн чухал хүчин зүйл юм. Харин иргэдийн зүгээс хөнгөлөлттэй зээлд хамрагдах; газар тариалан, хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд олгож байгаа татаас, нөхөн олговрыг цаашид тогтвортой барих, хувь хэмжээг нэмэгдүүлэх; эрүүл бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх; дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангаад илүү гарсныг нь гадаад зах зээлд экспортлох боломжийг бүрдүүлэхэд бүх талаар дэмжих зэрэг саналыг төрдөө уламжилж байна. Төр засгийн зүгээс эдгээр саналуудыг дэмжвэл иргэдийн хувьд дотооддоо хүнсээ үйлдвэрлэж, хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой.
Орон нутаг, аймаг, сумууд төр засгийнхаа дэвшүүлж байгаа хөдөлгөөнийг бүх талаар дэмжиж, хамтарч хоршиж ажиллах нь зүйтэй. Зөвхөн Ерөнхийлөгчөөс, УИХ-аас, Засгийн газраас юу хийх бол гэж хүлээх биш "Хүнсний хувьсгал" хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд дөрөө хоршиж, хамтран ажиллавал ихээхэн үр дүнд хүрч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй илүү гарсныг нь экспортлох боломжтой гэж үзэж байна." гэсэн юм.
"НАЙНГИ ХҮНС" ХХК ХОНОГТ 2 ТОНН СҮҮ БОЛОВСРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ
Орон нутгийн хүн амыг чанартай сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах зорилготой "Найнги хүнс" ХХК нь фермерийн аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Чойбалсан хотын төвөөс найман км зайд байрладаг Өлзийт фермерийн аж ахуй сүү, махны чиглэлийн симментал үүлдрийн 200 орчим үхэртэй. Гойд ашиг шимтэй үхрээр сүргийн бүтцийг сайжруулах, малчин өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжих, улмаар үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох түүхий сүүний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой ажилладаг байна.
Сүүний үйлдвэр – Хоногт хоёр тонн сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2021 онд барьж, ашиглалтад оруулжээ. Тус үйлдвэр стандартын шаардлагад нийцсэн барилга, байгууламжтай, уламжлалт болон орчин үеийн аргыг хослуулан арваад нэр төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
МАХ БОЛОВСРУУЛАХ "ВАЙТ ГРУПП" БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ЭКСПОРТЛОХ ЗОРИЛГОТОЙ
"Вайт групп" 10 гаруй жилийн турш мах боловсруулж, аймгийнхаа төдийгүй нийслэлийн хэрэгцээнд ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Жилдээ 3-4 мянган тонн хонь, үхэр, адуу, ямааны мах нийлүүлэх хүчин чадалтай, Орос болон Хятадын зах зээлд маш ойр, дэд бүтэц сайн хөгжсөн нь цаашид экспортын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад чухал ач холбогдолтой болохыг онцолж байлаа.
ТАЛ НУТГИЙН ЭРҮҮЛ, ЧАНАРТАЙ, АМТТАЙ МАХ НИЙЛҮҮЛЭГЧ "ТАЛЫН ТАВАН ӨНДӨР ТРЭЙД" ХХК
Монголын тал нутгийн цэвэр, органик, эрүүл, амтат, дэлхийн стандартад нийцсэн махаар дотоодын хэрэглэгчдээ хангахаас гадна Европ болон Азийн орнуудад экспортлох зорилготой "Талын таван өндөр трэйд" ХХК хоногт 200 бод 500 бог мал нядлах хүчин чадалтай.
Мах нийлүүлдэг гэрээт малчдаар дамжуулан шууд бэлчээрээс малын гарал үүслийн бичиг баримттай үхэр, хонь, ямаа, адууг татан төвлөрүүлдэг. Мах эхлэн боловсруулах үйлдвэртээ мал эмнэлгийн иж бүрэн лабораторитой бөгөөд мах худалдан авах үеэс эхлээд бүх шатны дамжлагын шинжилгээг бүрэн хийж гүйцэтгэдэг гэдгээрээ онцлогтой.