Лхагва гарагаас эхлэн хоёр Солонгос харилцан нэг нэгнийхээ тэнгисийн ус руу пуужин харвасан. Тодруулбал, БНАСАУ нэг өдрийн дотор хамгийн их буюу ойролцоогоор 23 пуужин харвасан байна. Үүний нэг нь БНСУ-ын Сокчо хотоос 60км-ийн зайд унажээ. Эл үйлдлийг БНСУ өдөөн хатгалга хэмээн үзэж, агаар-газар ангиллын гурван ширхэг пуужин хариу болгож БНАСАУ-ын харьяа тэнгис рүү харвасан юм. Дараа нь Пхенян дахиж зургаан пуужин харвасан байна.
БНАСАУ-ын зүгээс энэ үйлдлийг АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын эсрэг хариу гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен тэргүүтэй БНСУ-ын холбоотнууд нь БНАСАУ-ын болзошгүй цөмийн туршилтын эсрэг шаардлагатай хариу арга хэмжээ заавал авна гэдгээ мэдэгдээд байгаа юм. БНАСАУ 2006-2017 оны хооронд зургаан удаа цөмийн туршилт хийсэн. Долоо дахиа хийх магадлал өндөр байна гэж хэвлэлүүд бичиж байна.