Тамхинаас гарах хүсэлтэй 25 хүнээс нэг л хүн зорилгоо биелүүлж чаддаг талаар Австрийн Тамхинаас татгалзах нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Колин Менделсон хэллээ. Бид түүнтэй ярилцаж тамхинаас гарах үр дүнтэй ямар аргууд байдаг талаар тодруулсан юм.
Тэрбээр энэ талаар ярихдаа,
- Тамхинаас гарах гэж оролдож байгаа хүмүүс амьдралынхаа хэв маягийг өөрчилнө гэж ойлгох хэрэгтэй. Хэдий хамааралтай биш юм шиг боловч илүү их дасгал хийж, биеэ болон сэтгэлээ амраахад ач холбогдол өгөх нь зүй. Тамхинд орж буй шалтгааны дийлэнх хувь нь сэтгэл санааны байдлаас үүдэлтэй байдаг. Энэ үедээ тамхи хэрэглэснээр донтолтод автаж, хэвийн үедээ ч тамхи татмаар санагдаж эхэлнэ. Завгүй хэв маягт шилжих хэрэгтэйг бас хэлмээр байна. Хүн уйдсан үедээ олон зүйл бодож өөрийгөө хямраадаг, хийх зүйлээ олж ядан тамхи татах сонголт хийдэг. Аль болох залуу байхдаа л тамхинаас гарвал эрүүл мэнд нь эргээд сэргэхдээ хурдан байх болно.
- Дэлхий дээр 80 сая гаруй ууран гаанс буюу электрон тамхи хэрэглэгч байна. Австралид л гэхэд нэг сая гаруй хүн үүнийг хэрэглэдэг. Ууран гаансны никотин, бохь зэрэг нь янжуур тамхинаас гарахад тусалдаг гэж болно. Мөн тамхинаас гарчхаад буцаад орох нь элбэг байдаг. Ууран гаансыг хэрэглэсэн хүн тамхинд буцаад орох нь ховор. Үүнд гар, амны хөдөлгөөн зэрэг зуршлууд нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл тамхи татахдаа хүний гарын хөдөлгөөн, сорох байдал зэрэг нь өөр байдаг. Хөдөлгөөний давтамж өөрчлөгдөөд ирэхээр зуршил багасна гэсэн үг. Уурын гаанс хэрэглэхдээ заавал эмчээс зөвлөгөө авах ёстой. Мэдээж электрон тамхи эрүүл мэндэд сайн биш. Гэхдээ янжуур тамхинаас 95 хувь хор багатай гэж ойлгож болно. Энэ бол Английн эрдэмтдийн олон жилийн туршид хийсэн судалгаа.
- Мөн хүнд буцаад тамхи татах сэдэл өгдөг зүйлс байдаг. Үүнд сэтгэл санааны байдал, нийгмийн нөхцөл байдлууд нөлөөлнө. Хамт тамхи татдаг найзтайгаа уулзахад сэдэл илүү ихээр төрнө гэсэн үг. Энэ үедээ өөрийгөө барьж, хорт бодистой тэмцэх ухамсартай байх хэрэгтэй. Эцсийн эцэст бүх зүйл ухамсраас шалтгаална гэлээ.
Мөн тэрбээр, Цахилгаан тамхи нь янжуур таталтаас үүсэж буй үхэл, өвчлөлтийн ачааллыг буруулах нийгмийн эрүүл мэндийн маш том боломж юм. Ууран гаанс татах нь ямар ч эрсдэлгүй биш, гэхдээ янжуур тамхийг бодвол хор хөнөөл маш бага бөгөөд тамхинаас гарч чадахгүй байгаа олон тамхичдад тусалж чадна. Гурван тамхичны хоёр нь тамхи таталтынхаа шууд нөлөөнөөс хорт хавдар, зүрх, уушгины өвчлөлтэй болж, нас бардаг. Ууран гаанс татах буюу цахилгаан тамхи хэрэглэх нь дэлхий дахинд хамгийн түгээмэл тамхинаас гарах арга бөгөөд бусад эмчилгээнээс хавьгүй илүү үр дүнтэй, мөн нийтийн эрүүл мэндэд маш эерэг үр дагавар авчрах боломжтой зүйл. Гэвч ууран гаанс татах болон никотины хэрэглээтэй холбоотой нэлээн их үл ойлголцол байсаар байна.
Бодлогын зохицуулалт шинжлэх ухааны үндэслэлтэй, улс төр, сэтгэл хөдлөл, идеолог, буруу мэдээлэл дээр тулгуурлаагүй байх хэрэгтэй. Зохицуулалт нь янжуураас гарах гээд чадахгүй байгаа насанд хүрсэн тамхичдын ууран гаанс руу шилжихэд гарах эерэг үр дагавар бөгөөд илүү залуу хүмүүс ууран гаанс татах жижиг боловч үгүйсгэж боломгүй эрсдэл хоёрын аль алийг тэнцвэртэй тооцоолох хэрэгтэй гэсэн юм.