“М” ХХК нь Банкны хоёр сая ам.долларын зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээнд, зээлдэгчийг тодорхойлохдоо “М” ХХК-ийг төлөөлж … ерөнхий/гүйцэтгэх захирал Б /зээлдэгч гэх/, А /хамтран зээлдэгч гэх/ гэж, гэрээг байгуулсан гэсэн төгсгөл хэсэгт …хамтран зээлдэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал А гэж гарын үсэг зурсан байна.
“М” ХХК нь авсан зээлээсээ 1.1 сая ам.долларыг эргэн төлөөгүй, гэрээний хугацаа хэтэрсэн тул Банк уг зээлийг муу ангилалд бүртгэж, Монголбанкны Зээлийн мэдээллийн сан руу илгээхдээ иргэн А-г хамтран зээлдэгчээр бүртгэсэн мэдээллийг явуулснаар А нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчээр бүртгэгджээ.
Иргэн А нь шүүхэд хандаж, “М” ХХК болон Банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний хамтран зээлдэгч биш болохыг тогтоолгож, Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас нэрийг нь хасаж бүртгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж, “… тухайн зээлийг өөрөө аваагүй, зээлийн хамтран зээлдэгч биш” гэх агуулгаар маргажээ.
Хариуцагч Банк нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “…зээлийн гэрээнд гарын үсэг зурсан А-г хамтран зээлдэгчээр бүртгэж, зээлийн мэдээллийн санд илгээснээр нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж маргав.
Зээлийн мэдээллийн тухай хуульд зааснаар Банк буюу мэдээлэл нийлүүлэгч нь үнэн зөв, бодитой, тодорхой мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд нийлүүлэх, мэдээлэл бүрэн гүйцэд бус, буруу ташаа, алдаатай тохиолдолд засах, нэмж өөрчлөх арга хэмжээг нэн даруй авах үүрэгтэй байдаг.
Тухайн тохиолдолд, зээлийн гэрээний дагуу 2 сая ам.долларын зээлдэгч нь “М” ХХК байхад иргэн А-г уг зээлийн мөнгийг төлөх үүрэгтэй хамтран зээлдэгч мэтээр буруу бүртгэн, мэдээлэл өгснөөр иргэн А-ийн бусад банкнаас зээл авч чадахгүй болох, төсөл хөтөлбөрт хамрагдах боломжгүй болох зэргээр эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж шүүхээс дүгнэж, иргэн А нь “М” ХХК болон Банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний хамтран зээлдэгч биш болохыг тогтоож, Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд иргэн А-ийн нэрийг хасаж бүртгүүлэх хуульд заасан үүргээ биелүүлэхийг Банканд даалгаж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх холбоос: https://shuukh.mn/
Хураангуйг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа