ОХУ-ын тасралтгүй бөмбөгдөлтөөс үүдэлтэй цахилгаан эрчим хүчний хангамжийн уналтаас сэргийлж чадахгүй бол нөхцөл байдал өвөл ойртох тусам хүндэрнэ гэдгийг Украины албаныхан мэдээллээ.
Тодруулбал, эрчим хүчний байгууламжуудынх нь 30 гаруй хувь Оросын агаарын цохилтод өртсөн юм. Ийнхүү нөхцөл байдал маш “эгзэгтэй” болсон тул Украин өнгөрсөн долоо хоногоос эхлэн барууны орнуудаас агаарын цохилтоос хамгаалах систем нийлүүлэхийг асуусан байна.
Үндэсний цахилгаан хангамжийн Укренерго компанийн гүйцэтгэх захирал Володимир Кудрицкийн хэлж буйгаар “Энэ бол түүхэн дэх цахилгаан эрчим хүчний дэд бүтцэд хийсэн хамгийн том пуужингийн дайралт юм. Тиймээс нөлөө нь асар их. Харамсалтай нь нөхцөл байдал хүнд байна. Тэд Украины эрчим хүчний системийг тусгайлан устгахыг оролдож байгаа бөгөөд энэ нь олон арван сая хүн амыг хангаж байна" гэжээ.
Хэрэв Оросын довтолгоо үргэлжилсээр байвал "Украинд цахилгаан тасрах хугацаа улам бүр уртасна" гэж Кудрицкий анхааруулжээ. Мөн Укренерго хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч эрчим хүчний сүлжээг устгаж байгаа шиг хурдан засах боломжгүй гэдгийг нэмж хэлэв. Тухайлбал, "Дэд станцуудыг сэргээхээс пуужин хөөргөх нь илүү хялбар" гэж тэр тодорхойлжээ. Украины хувьд одоо гэрлээ асаалттай байлгахад анхаарлаа хандуулж байна. “Эдгээр пуужингийн довтолгооноос өмнө хэрэглэгчдийнхээ эрчим хүчийг хангах нь гол зорилго байсан. Харин одоо бид системийн оршин тогтнох тухай ярьж байна" гэж Украины эрчим хүчний томоохон төлөөллүүд сануулж байна.
Эх сурвалж: The Guardian