Өөртөө хүсэх хүндлэл бүрийг бусдад, тэгээд нэмэх тав.Үүнээс өмнө уушги тамхиар биш агаараар, ходоод хогоор биш хоолоор ингээд өөртөө нэмэх тав. Уучлалт талархлын үг амнаас үржих нь мянга тэнцүү инээмсэглэл тэгээд бүгд нэмэх “А”.
Өдрийн тэмдэглэл ингэж дууссан. Одоо харин дэлгэрэнгүй бичье эхнээс нь. Шөнийн нэг, хоёр, гурав үүр цайхаас өмнө нүд гөлийж, харц тэглэнэ. Өөртөө болон биедээ командлана унтахгүй гэж. Нэг шат, хоёр шат “хурдан гүйгээрэй” гэж араас тогшив. Тэргэнцэр дамжилсан гурван залуу, дамжлуулсан нэг нэмээд би, нийлээд тав. Нэг давхар, хоёр давхар гар чичирч, шөрмөс чангарна. Тэргэнцэр газардана. Дээрээс газарт, дугуй нь шаланд, талархал нь бидэнд. Сэтгэл өег дуу аялсхийн инээмсэглэнэ. Дутуу амарч ядарсан ч би хүчтэй байлаа нэмэх нэг.
Ажлын өрөөний хаалга чахарна. Тэмүүлэн Мягмар урдаас даллана, нэг мэдэхэд тамхины үнэрээр гадаа, гэвч хаясан, тэврэлт өгөөд салсан. Залуусын 70,6 хувь нь согтууруулах ундаа болон тамхийг хэрэглэж үзсэн гэсэн судалгаа байдаг. Би энэ тооноос гараа өргөн хасагдъя. Сайн залуугийн зөв сонголтоор нэмэх хоёр.
Нэг давхар, хоёр давхар зогсхийв. Цусны хандив. Эргэлзээгүй сайн үйл өөрөө намайг олоод ирлээ. Арван минут, хорин минут оочирлож зогсов. Аврагчид ар араасаа… Ээлж ирлээ. Үнэн зөв олон хариултын дараа. 350мл цусны цаана гурван хүний амь аврагдана. Цус гүйнэ. Улаан өнгийг аз жаргалын өнгө болгож анх удаа харлаа,тэгээд нэмэх гурав.
“2021 он 40 мянган донор цусаа бэлэглэсэн өмнөх оныхоос энэ нь 36,1 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа” гэж маскны цаана байгаа ам учирлаж хэлнэ. Харин энд миний ам хөдөлнө. “Энэ тоо эрх жилүүдэд ахин нэг хувиар нэмэх нь” гэж шийдвэртэй хариулна. Эрүүл чийрэг, зөв хандлага жилд гурван хүний амь аварна. Аав ээж найз гэж нэрлэгдэх тэр хүмүүсийн амийг аварна. Одоо энэ сэтгэл бурхан гэж өөрийгөө нэрлэхэд ч бэлэн. Гэхдээ бүдүүн бурхан. Би 1м 70см тэгээд нэмэх 80 кг . Монгол улсын хэмжээнд залуучуудын 1/3 нь архи тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг жингийн илүүдэлтэй гэсэн судалгаа хийгдсэн. Одоо бүдүүн бурхны хойно 1/3 тоо наалдчихлаа. Наалдсан боловч салгахад л болно. Эрүүл хооллолт, зөв хэвшил удлаа гэхэд нэг сар, үр дүн нь 1/3- ээс сална. Энэ бодлын нөлөөлөл хүчтэйгээс болоод илүү хэрэглээний мөнгө халааснаас сугараад дасгалжуулагчийн цалин болон хэтэвчинд нь оров. Эрүүл бие нэмэх нь саруул ухаан нэмэх дөрөв.
Одоо сайхан зүйлүүдээ хамгаалах ёстой. Бөөрөнхий зараа өргөсөндөө найддаг шиг . Одоо би даатгалд найдна цаагуураа. Өөрийгөө хамгаална. Өмнөх жил 5431 оюутан мөн өөрийгөө хамгаалж, ирээдүйгээ харж эрүүл мэндийн даатгалд хамрагдсан. Миний бие энэ жишгийг дагана. Зөв зарцуулалт нэмээд нэмэх тав.
Дэвтэртээ +5 гэж эрээчээд тэмдэглэлээ хаалаа. Яг л ээж аавынхаа Социализмын үе шиг оноогоор өөрийгөө дүгнэчхэв. Одоо гэхдээ Ардчилал, чөлөөтэй сонголтууд хөнөөлтэй, гэвч сайныг сонгоход бас чөлөөтэй болсон. Ингэхэд энэ тэмдэглэлийн үр үндэс нь талархлаар дүүрэн инээмсэглэл баярлалаа гэх ганц үг байсан юм. Тэр хүүгийн талархал, цаг үеэ олсон тэврэлт тэнгэрт намайг хөөргөсөн. Өөрийгөө хайрлаж, бусдыг хүндэтгэх сэтгэлийг минь задгай тэнгэрт шувуу шиг нисгэжээ. Дотно харц, танил инээмсэглэл хүн болгонд зориулагдсан гэдгийг дотор хүн минь өглөө болгон хэлж сэрээх болсон. Даваа, мягмар, лхагва, пүрэв, баасан, бямба тэгээд ням дахин эргэх хүртэл тэр эерэг болгоныг давтан зуршил болтол энэ үйл мөнхөд надаар давтагдана.
Өглөөний 8:00ам
Туниа муутай бие, хөхөрч хавдсан нүд , цүнх дүүрэн ном дэвтэр чирсэн нэгэн охин хаалга онгойлгож ядна, гар нь татганаж хаалганы бариулыг хэд хэд угзчина. Үүдийг онгойлгож өглөөний мэнд гэж асуугаад танил дотноор инээсэн энэ хүн, энэ хүн би би байлаа…